Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар шинэ коронавирусний тохиолдлын тоо шинэ дээд хэмжээнд хүрчээ.
ДЭМБ пүрэв гарагт мэдээлснээр 12 дугаар сарын 7-ноос нэгдүгээр сарын 2 хүртэлх долоо хоногийн хугацаанд 9.52 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 71 хувиар өссөн байна.
"Омикрон" хувилбараас үүдэлтэй өвчлөл "дельта" хувилбартай харьцуулахад хүндрэл бага, ялангуяа вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн тусч байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр "Гэхдээ өмнөх хувилбаруудын адил "омикрон" мөн хүмүүсийн аминд хүрч байна" гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус эмнэлгүүд ачаалал ихтэй, боловсон хүчин дутмаг болж байгааг анхааруулж, халдвараас урьдчилан сэргийлэх нарийн арга хэмжээ авахыг улс орнуудад уриаллаа.
Эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулахад вакцинжуулалт өндөр үр дүнтэй хэвээр байгааг тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.
Вакцинжуулалтын өнөөгийн үйл явцыг харахад 109 улс 2022 оны долоодугаар сар гэхэд нийт хүн амын 70 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй болно. Тиймээс вакциныг бүх улс оронд тэгш хуваарилахын тулд нэн даруй хүчин чармайлт гаргахыг уриалжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна