УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас болон БОАЖ-ын сайдаар томилогдож буй Б.Бат-Эрдэнээс санал хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдаас асууя. Мэргэжлийн сайд нар урт хугацаандаа салбараа амжилтад хүргэнэ. УИХ-д дан дээлтэй сайд танилцуулахад гишүүд шоглож байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гаднаас сайд томилоход ийм байдаг юм гэж шоглож байна. Дан дээлтэй сайд нартай ажиллахад ямар байна вэ? Давхар дээлтэй сайд нартай ажиллавал ямар болох юм?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайдаар ажиллахаас өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар яг хоёр жил ажилласан. Эхний жил нь давхар дээлтэй буюу гишүүн сайдуудаас бүрдсэн Засгийн газрын гал тогоонд ажилласан. Сүүлийн жил нь дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байх боломжтой кабинетэд ажилласан. Тухайн үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан. Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн сайдууд УИХ-д асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулахад жулдаж байсан асуудал байдал. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж буй хүмүүс бий. Гэхдээ хоёр буюу түүнээс дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн нөхцөлд өөрийгөө илэрхийлэх, асуудлаа зоригтой шийдэх тал дээр сул талтай байгаа. Мэдээж давуу тал байна. Давуу тал нь тойрог руугаа алга болдоггүй, томилгоонд нутагархдаггүй. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулийн бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Өнөөдрийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд ажиллаж буй Засгийн газар цар тахалтай үед ажиллаж байгаа учраас мэргэжлийн сайдуудыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлүүлж байж магадгүй. Энгийн үе байсан бол харьцангуй өөр байх байсныг үгүйсгэхгүй. Цаашдаа Монгол Улс сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэг дээр би 100 хувь санал нийлдэг. Манай улс гишүүдийн тоогоо ч бодолцож, парламентын гишүүн сайд байх асуудал гурав, дөрвөөр хязгаарлагддаг нь шийдэгдэх ёстой, холимог тогтолцоо ч орж ирэх ёстой гэж боддог. Ингэж байж нийгэм өөр болно. Сонгодог парламент рүү явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг. Үндсэн хууль бол нийгмийн эрх зүйн хувьд зөвшилцлийн баримт бичиг. Тиймээс аль нэг нам олонх болоод хүчилж хийдэг асуудал биш. Цөөнхтэйгөө ярилцаж, нийгэм хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуульд хүрдэг. Тиймээс илүү их хэлэлцүүлэг хийх ёстой. Дан, давхар дээлтэй холбоотой асуудал 1990 оноос авахуулаад гол, үндсэн асуудлуудын нэг байсан юм билээ".
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгох, хамгийн багадаа 50 хувийг нь энэ тогтолцоогоор сонгодог байх, УИХ-ын гишүүдийн тоог 150 болгох, давхар дээлийн асуудал зөв зүйтэй юм байна гэдэгт санал нэгдсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг парлемантаас, шаардлагатай бол өргөтгөсөн хуралдаанаас сонгодог байх гэсэн дөрвөн зарчимд намын дарга нар санал нэгдсэн. Та үүнд санал нэг байна уу? Тодорхой хариулж өгөөч.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн гучин жилийн гол маргаан энэ л байсан. 1992 онд нэг УИХ-ын гишүүн 28 мянган хүн төлөөлж байсан бол одоо 44-45 мянга гаруй хүнийг төлөөлж байна. Парламент бол бага ард түмэн. Том зургаараа манайх холимог тогтолцоо руу явах нь зүйтэй юм. Бусад парламентын засаглалыг харахад жишиг нь ийм л байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр таны хэлсэн асуудлуудыг ярьж байсан. Тухайн үед сонгууль дөхсөн байсан учир гурав нь орхигдож батлагдсан. Тиймээс йцыбөялд дахиж ярих хэрэгтэй. Би дан дээл сайн, муу гэж ярих эрхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна