Л.Халтар: Эрээн боомтод хуримтлагдсан ачаа барааг энэ сард багтаан татан авж дуусгана


Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой дараах хоёр гол асуудлыг хэлэлцлээ.

Зам тээврийн сайд Л.Халтар:

Нэгдүгээрт, 2013 онд гарсан Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хариуцуулахаар боллоо. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян  чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ.

Хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад тусгасан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана. Дарханы замын тухайд Монгол Улсын Ерөнхий сайд 2023 он гэхэд дуусгахыг үүрэгдсэн ба энэ оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.

-Замын-Үүдэд саатсан чингэлэг ачааг ямар хугацаанд бүрэн татах боломжтой байна вэ?

-Замын-Үүд дээр чингэлэг саатаагүй. Эрээнд саатсан бөгөөд 9000 биш 900 чингэлэг байгаа гэдгийг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 495 чингэлэг хилээр орж ирсэн байна. Зөвхөн өнөөдрийн хувьд 62 чингэлэг орж ирсэн. Энэ эрчээрээ явбал нэгдүгээр сарын сүүл гэхэд бүрэн татаж дуусна. Долоо, найм хоногийн дараа бүрэн дуусах боломж байна.

-Тээврийн зардал өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн гэдэг мэдээлэл байна?

-Үүнтэй санал нийлэхгүй байна. Хилийн цэрэг болон ЗХЖШ-ын цэргүүд тээврийн автомашин жолоодож байгаа. Хилийн буюу дундын бүсээс Замын-Үүд хүртэл нийт зардал нь 500 мянган төгрөг болж буй.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны зам Дарханы замын адил болох вий гэсэн болгоомжлол байгаа шүү дээ?

-Тийм асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна. Энэ хурдны зам дээр концессын гэрээ хийж буй учраас алдаа давтагдахгүй байх гэж бодож байна. 2023 онд Дарханы замыг дуусгах чиглэлийн дагуу ажиллаж эхэлсэн. Гуравдугаар сараас зам засварын ажил эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна