Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев иргэдээ тайван байхыг уриалжээ


Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөсөн ч тайван байхыг уриалсан видео бичлэгийг нийтэлжээ.

Казахстаны засгийн газар энэ сард орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 220 гаруй хүн амиа алдсаныг мэдэгдсэн. Засгийн газар жагсаалыг "террорист үйл ажиллагаа" гэж нэрлэж байгаа юм. Олон нийтийн бухимдал, эсэргүүцэл зөвхөн одоогийн удирдлагад төдийгүй тус улсыг бараг гучин жил удирдсан Назарбаев руу чиглэж байна. Эмх замбараагүй байдлын үеэр түүний хаана байгаа нь тодорхойгүй байсан юм. Нурсултан Назарбаев 2019 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлснээс хойш тэтгэвэрт гарсан бөгөөд нийслэлд амьдарч байгаагаа онцлон харуулсан видео бичлэгийг мягмар гарагт албан ёсны вебсайтдаа нийтэлсэн байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бүрэн эрх мэдэлтэй хэвээр байгаа бөгөөд гэр бүл дотор ямар ч зөрчил, сөргөлдөөн байхгүй гэж тэрбээр онцолжээ. Казахстаны ерөнхийлөгч асан эмх замбараагүй байдлын ард эрх мэдлийн төлөөх тэмцэл байгаа гэсэн цуу яриаг үгүйсгэж, улс орныг тогтворжуулахад олон нийттэй хамтран ажиллахыг эрэлхийлж байгаагаа илэрхийлсэн байна.

Сануулахад, Казахстан улс онц байдлын дэглэмээ лхагва гарагт цуцалсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна