-МАН-ынхан Б.Тулгыг гал тогоо, мэдээ мэдээлэл дундаас Дэд сайдын суудалд дэвшүүлэн зайлуулах гээд чадсангүй-
Нэгэн цагт “хаан”-аар өргөмжлөгдөөд байсан Н.Энхбаяр 2009 оноос хойш гудамжны улс төр хийж, эхлэл хэсэгтээ “аав”-ын хаалга татав, өрнөл хэсэгт УИХ-д бүлэг байгуулав, тайлал хэсэгт Засгийн газарт АН-тай нэгэн хөнжилд оров гээд юу эсийг үзсэн билээ. Харин төгсгөл хэсэгт өөрийг нь мандуулсан МАН-ынхаа хаяа хатавч бараадахаас өөр сонголт үлдээгүй юм болов уу даа. Аливаа зохиол, жүжиг төгсөх ёстой биз дээ. Тэр жамаар л эцсийн цэг хатгав бололтой.
“Алим модноосоо хол унадаггүй” ч гэдэг. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын улс төрийн талбарт эхлүүлсэн олон ангит кино энэ хүрээд өндөрлөж байгааг улс төрийн амьдрал, өнөөгийн байгаа нөхцөл бүрэн дүүрэн хэлж өгч байна.
Харин ч хүү Э.Батшугартаа нөхөн сонгуулийн мандат хөөцөлдөж өгснөөр УИХ-ын гишүүн болгов. МАН-аа 10 гаруй жил хорлосон түүнд үүнээс илүү зүйл гэж юу байх билээ.
Гэтэл мань эр Дэд сайдын суудал голж, гурван яам, дөрвөн агентлаг, гурван Төрийн нарийн бичгийн дарга гэх мэт өндөр авсан зүйл нэхэж явааг эх сурвалж бататган хэлэв.
Ингэхдээ тэр “Би та нартай улс төрийн тохиролцоо хийсэн, манай хүмүүс хэтэрхий удаж байна. Бид яах ёстой вэ гэж өдөр бүр цаг тутам асууж сураглах болов. Олон улсын түүхэнд ч улс төрийн тохиролцоо бол хатуу итгэл үнэмшилтэй гэрээ байдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл манай хүмүүс өөр арга бодно. Ерөнхийлөгч ч энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн” гэх мэтээр МАН-ын дарга нарын өрөөний хаалга амраахгүй байгааг эх сурвалж дуулгасан юм. Ингэхээс ч өөр аргагүй. Үүнд буруу юу байхав. Өөрийг нь дагаж 10 гаруй жилийн амьдралаа үрсэн хүмүүст ч асууж сураглах эрх нь бий.
Гэхдээ МАХН хэмээх гомдогсод, горилогч, гологдогчдоос бүрдэх Төрийн бус байгууллага 100 гаруй жилийн түүхтэй МАН-тай улс төрийн тохиролцоо хийнэ гэж юу байдаг юм. Өнгөрөгч 30 гаруй жилийн түүхэнд улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа, гэрээ, ахан дүүсийн барилдлага тамгатай цаасан дээр л хог болон үлддэг гэдгийг мөн ч олон удаа үзлээ, харлаа. Энд хоёр Төрийн бус байгууллага л гэрээ байгуулсан болохоос биш хоёр улсын гэрээ биш. Төрийн байгууллага дундын гэрээ ч биш.
Тэгэхээр энд ямар ч асуудал алга гэдгийг “долоо буудуулсан чоно” Н.Энхбаяр мэдэхгүй байна гэж лав үгүй. Тэр хүү Э.Батшугарынхаа ирээдүйн улс төрийн төлөө МАХН-д данстай гэх 52 мянган гишүүнийг хулхидсан байх. Эсвэл өөрөө МАН-д хулхидуулсан байх гэсэн хоёр салаа таамаг өөрийн эрхгүй ээрнэ. Яаж ч бодоод бодоод манай Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ямар нэгэн мэх байгаа даа гэж найдлага тавихаас өөр арга алга.
Дэд сайдын суудал голлоо гэдгийг тайлбарлах ёстой. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг багтай нь хамт хариуцлага тооцох замаар огцрууллаа. Тиймээс эрх баригчид томилгоо хийх үеэр Н.Энхбаярыг хар нялхаасаа дагасан Б.Тулгыг Дэд сайдад томилох тухай асуудал яригдсан байна. Гэтэл Н.Энхбаяр “Бид Дэд сайдын суудал авахгүй. Ингэж тохиролцоогүй” хэмээн томорсон гэх юм. Хаяа хатавчнаас гэхэд арай л том санаа гаргажээ. Тэгэхээр цаадуул нь далимдуулаад өөрийнхөө хүнд өгчихөж байгаа хэрэг болов уу.
МАН ч түүнд амархан барьц өгөхгүй л дээ.
Уг нь Дэд сайдын суудлыг сайндаа ч өгөх гэсэн юм биш билээ. МАН-ынхны хувьд Б.Тулгыг Нарийн бичгийн даргаар томилсон учраас өөрсдийнхөө гал тогоо, мэдээ мэдээлэл дундаас холдуулах санаа нь Дэд сайдын суудал байсан ч тэд голчихлоо. Магадгүй Н.Энхбаяр өөрийнх нь тагнуулыг гал тогооноос дэвшүүлэн зайлуулах гэж байгааг мэдэж байсан учраас Дэд сайд руу өөр хүн өгье, Б.Тулга эндээ байж байг гэх мэтээр санаа зөрөлдсөн байхыг ч үгүйсгэхгүй. Цаадах чинь өөрөө МАН дотор энэ мэт зургийг аль эрт зурж явсан толгой шүү дээ.
Баталгаатай нь гэвэл Б.Тулгыг дэвшүүлэн зайлуулах шаардлага МАН-д зайлшгүй байсныг эх сурвалж хэлнэ лээ. Зөвхөн энэ үйл явдлаас харахад л Н.Энхбаяр хулхидуулсан байж болох өндөр магадлалтай. МАН-ын удирдлагууд үүд сахиж суугаа түүнийг өрөөндөө оруулах хэцүү, байх хэцүү болчихоод байгааг ч дуулгасан. Гэхдээ тэр амар салахгүй ээ.
Үхэхээс бусдыг үзсэн Н.Энхбаяр наанаа МАХН-ын нөхдийнхөө төлөө дарга нарын үүд сахисан дүр эсгээд яваад байж бас болох юм. Яагаад гэхээр тэр зөвхөн хүү Э.Батшугарынхаа улс төрийн замыг засах зорилго дор 52 мянган гишүүнтэй МАХН-ыг татан буулгаж МАН-д нэгдсэн байж болно шүү дээ. Улс төрийнхөө карьерт цэг хатгаж, насны намар нь гадаа ирсэн эцэг хүн гэдгийг 52 мянган гишүүн ойлгох хэрэгтэй.
Энэ зүгээс харахаар өдгөө дарга, сайдын суудал зүүдлэн суугаа Ц.Оюунбаатар, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ нарын нөхөд ажил амьдралаа бодох цаг нь болжээ. Тэр хэдэн мянган гишүүнтэй нэг нам бүү хэл Монгол Улсыг зохицуулж явсан эр. Анх бол тэр том тохиролцоо хийсэн нэрээр МАХН-ын гишүүдийн тархийг угаасан байх. Цаасан дээрх баримт бол хулхидуулахаас аргагүй “үлгэр”-ийн зүйл байна лээ. Тэгээд ч МАХН-д үлгэрт итгэхээс өөр сонголтгүй нөхдүүд горьдлого тойроод сууж байсан юм хойно доо.
Уг үлгэрийг тэрбээр танилцуулахдаа “Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрд нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан. Цаашид боловсон хүчний бодлогоо ярилцаж, ажлын хэсэг байгуулж, ажиллана. МАХН бол 52 мянган гишүүнтэй учраас боловсон хүчний хувьд хангалттай байгаа” хэмээн томорч байсан цагаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ.
Тэднээс нэг нь ч суудалд очсонгүй. Харин хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болсон. Б.Тулгыг МАН-ын Нарийн бичгийн даргаар томилсон ч дэвшүүлэн зайлуулахдаа тулчихсан байна. Харин Н.Энхбаярыг өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон ч тэр албан тушаалаа голсон. Өөр юу ч байхгүй. Уг нь хөөрхий МАН хөнгөн аргалчих гээд цаад бурхи нь аргалуулахгүй л байгаад байна. Гэхдээ л Н.Энхбаярт нэг барьц байх гээд байна. Чухам ямар барьц сонгочихоод байгааг таах арга алга. Яавч хулхидуулах хүн бол тэр биш баймаар юм.
МАН-ын гал тогоонд тагнуулаа тавьчихаад Дэд сайдын суудал голоод сууж байгаагаас харахад нэг нүүдэл байна гэсэн үг. МАН түүнийг хулхидлаа гэхэд тэр яах вэ гэхээр тийм ч амар хариулт олдохгүй. МАН-д дагаар орсон бүлэг этгээд түүнийг дагаад ирнэ гэж үү. Ирлээ гээд юу хожих вэ. Нэр сүрээ Дээд шүүхэд албан ёсоор хадгалуулчихсан. Ахиад нам байгуулах гэхээр нас, шүдний асуудал гарч ирнэ. Сүйрч буй АН хэмээх айлд очих боломж байхгүй. Өөр бусад халаасны улс төрийн нам зөндөө байгаа ч боломжгүй зүйл.
Тэдэнд Н.Энхбаяр өөрөө томддог юм байгаа биз дээ. Дээр нь хүү нь МАН-ын нэр дээрээс УИХ-д сууж байдаг. Хүүгээ золионд гаргана гэдэг эцэг хүнд байж боломгүй зүйл. Үнэн хэрэгтээ анх гэрээ байгуулж, урилга заллага болсон У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч хэмээх өндөр дээд тэнгэрт байгаа. Түүнээс хэтэрхий өндөрт заларч байна. Тэгээд ч намын дотоод ажил янз бүрийн зүйлээс бараг төсөөрч байгаа биз ээ. Магадгүй тэр Н.Энхбаярт хүссэн мэхээ хийчихээд инээгээд ч сууж байж болох юм. Тэр лав МАН-ыг намаг балчигт унагаачихаад явахгүй улс төрийн мэдлэгтэй болоо биз.
Өнөөгийн Ерөнхий сайд дагаар орсон МАХН-д найр тавих нь бүү хэл нам дотроо буруу хараад сууж байгаа нөхдөө найрах гэж зовж байгаа бололтой. Намын генсекийн хувьд дан ганцаар Н.Энхбаярт найр тавих ямар ч боломжгүй. Тэгэх ч хүн биш. Ингэхээр хөөрхий Н.Энхбаярт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон яваа болов уу. Энэ мэтээс харахад МАН-ынхан яах аргагүй “Баяртай Н.Энхбаяр аа” гээд байгаа юм даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна