​“Эрдэнэс Монгол” ХХК цалингаа тавьж чадахгүй дампуурахад хүрч, ажилдаа ирэх хүнгүй болсон уу


“Улсын стратегийн ордуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангадаг, асар их мөнгөний эргэлттэй компани бол “Эрдэнэс Монгол”. Тус компанийн дампуурлын асуудал дуулдаад бараг хагас арван жил өнгөрч байна. Өдгөө ч тус компанийн тухай мэдээллүүд мэр сэр гардаг ч, тэгсхийгээд намждаг билээ.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ ХӨРӨНГИЙН ДУТАГДАЛД ОРЖ ОХИН КОМПАНИУДЫН 100 ГАРУЙ АЖИЛТАН ЦАЛИН АВААГҮЙ”-

Бидэнд олдсон хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэс Монгол” компани нь хөрөнгийн дутагдалд орж үйл ажиллагаа нь түр зогссон. Хэд хэдэн охин компаниудынх нь ажил цалгардаж, зарим дэд захирлууд нь ажилдаа ирэхгүй байгаа. Тус байгууллагаас санхүүждэг арваад охин компанийн 100 гаруй ажилтан аравдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй, ажлаа хаяхад хүрээд байна” гэгдэж буй юм. 

Тэгвэл бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХК-ийнхантай холбогдож, тайлбар мэдээлэл авсан юм.

Тус компаниас “Хөрөнгийн дутагдалд орж, мөнгөн урсгал тасалдаж, доголдсон асуудал гараагүй. Тийм хүндрэлтэй нөхцөл байдал ч үүсээгүй. Хил гаальтай, экспорттой холбоотойгоор мэдээж орлого тодорхой хэмжээгээр багассан. Гэхдээ ажилчид цалингаа хэвийн авч, ажилдаа ирж байгаа. Үүнээс цааш нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Үйл ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.

“36 АЛБА ХААГЧИЙН ЦАЛИНГ ӨГӨӨГҮЙ, АЖЛААС ХАЛСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ”

Мөн нэмэлт мэдээллээр Гашуунсухайтад буюу экспортын гол зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа тус компанийн 36 алба хаагчийн цалинг АРАВДУГААР сараас хойш өгөөгүй. Тэдгээр алба хаагчдын ар гэрийнхэн төрийн ордны гадаа жагсаал цуглаан хийх хэмжээнд хүрч боссон.

Гэтэл түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон О.Хулан нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцаад цагдаагийн ажилчдын цалингийн төсвийг хасуулсан хэмээн ар гэрийнхнийх нь амыг хааж байгаа” гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХК-аас мөн тодруулахад “Гашуунсухайтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг юу юугүй олноор нь ажлаас нь халсан асуудал байхгүй. Цалин мөнгийг нь ч олгохгүй тасалдуулсан зүйлгүй. Ажил алба нь хэвийн явагдаж байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Ямартай ч эх сурвалжуудын мэдээллийн тус компанийнхан үгүйсгэв. Өөрсдийнх нь хэлж байгаагаар цалингаа өгөхгүй, дампуурах шахсан асуудал байхгүй, хэвийн ажиллаж байгаа аж.

НАМРЫН ЧУУЛГАНААР ХУУЛИУДАД НЬ ГАР ХҮРЧ ЧАДААГҮЙГЭЭС “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ НЭГТГЭХ АЖИЛ ЦАРЦЖЭЭ-

Уг нь Х.Хаянхярвааг авлига албан тушаалын хэрэгт холбогдон саатуулагдсаны дараа Сангийн яамнаас түүний удирдаж байсан “Эрдэнэс Монгол”-д хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудыг нэгтгэж, удирдлагаар нь өөр хүн томилно хэмээн яригдаж байв. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанийг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет” зэрэг компаниудтай нэгтгэхээр тохиролцсон тухай яриа. Улмаар захирлаар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдыг томилно гэгдэж байгаад удалгүй улс төрийн хүрээнд О.Хуланг түр томилсон билээ. Тэрбээр MCS талынхны дэмжлэгээр томилогдсон гэж цоллогдсон.

Харин саях намрын чуулганаар оруулан хэлэлцэх байсан ч хуулийн төслүүдийг хэлэлцэж амжаагүйгээс нэгтгэх асуудал нь ч ажил хэрэг болж амжсангүй. Сангийн яамныхан ч энэ тухай дахин ярихгүы тэгсгээд намжиж, намрын чуулган ч хаагдсан байна.

ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЧИГНЭЖ БАЙСАН КОМПАНИЙН АМИЙГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ О.ХУЛАН ГҮЙЦЭЭСЭН ГЭХ ХАРДЛАГА ГАРЧЭЭ-

Үүрэг гүйцэтгэгчийн О.Хулангийн хувьд ч хэл амны бай ихтэй байгаа бололтой. Түүнийг арванхоёрдугаар сараас гадаад дотоод явж ажилдаа ирэхгүй, удирдсан компаниа эзэнгүй айл шиг байлгаж буй тухай мэдээлэл ч чих дэлсэв. Тэргүүлээд хоёр гуравхан сарын нүүрийг үзэж буй компаниа дампууруулж, мөхлийн ирмэгт авч ирсэн ч гэх шуум.

Түүний хувьд: “Эрдэнэс Монгол” компанид Тэргүүн дэд захирлаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Тэрбээр одоо тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлож буй. Харин түүний хувьд улс төрийн намтар тун багатай ч MCS-ийн хүн гэх нь тодотгол дагалддаг аж. Компани тэргүүлэхээс өмнө “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан. Харин түүний нөхөр Ю.Энхтүвшинг тус компанийн Ерөнхий захирлаар ажилладаг гэсэн мэдээлэл бий.

2019 онд 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн түүнээсээ ногдлол ашиг хуваарилж асан компани. Гуравхан жилийн дотор цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн гэх. Ямартай ч байгуулагдаад 15 гаруй жилийн нүүрийг үзэхдээ муу засаглалтайгаараа цоллуулж дуудуулсаар ирсэн байгууллагын нэг. Үйл ажиллагаанд нь Засгийн газар шууд оролцдог, улс төрчдийн бохир гар хөл үргэлж шургалдагтай холбоотой гэж дүгнэж болно. Энэ утгаараа томилгоонууд зүй бусаар хийгдэх, эргээд улстөрийн ангуучлалаар дарга нар нь агнагдах зэргээс ерөөс засаглалын тогтвортой байдал үздэггүйтэй холбоотой ч билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна