Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
С.Амарсайхан: Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн төслийн ТЭЗҮ-г хоёр тал эцэслэн боловсруулж, албан ёсоор төслийг дараагийн бодит ажил болгох түвшинд шилжсэн.
Миний бие Монгол Улс, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих ажлыг эрчимжүүлэх, хоёр талын ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд өчигдөр Газпром компанийн ТУЗ-ийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, хоёр талын ТЭЗҮ-г эцэслэснийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 оныг хүртэл эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер техникийн болон ажлын зургийг хийж боловсруулах асуудалд цаг алдалгүй дайчилж орохтой холбоотой үүрэг даалгавар өглөө. Цар тахлын амаргүй үед хоёр талын ажлын хэсэг уулзалдаж, ТЭЗҮ-г 12-р сарын 15-ны өдөр дууссан.
Тэрээр цааш нь "Энэ талаар өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Анх 2019 оны араванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж тэр үеэр энэ ажлыг эхлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Цаашдаа энэ ажил эрчимтэй үргэлжилнэ. 2023, 2024 оноос өмнө зургийг нарийвчлан баталгаажуулж, үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай Монгол Улсын Ерөнхийлөгч утсаар ярилцахдаа энэ төслийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон. 2003 оноос ярьж эхэлсэн энэ төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг хийн хоолой төсөл бүрдүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна