ИНЕГ: Ирэх жил АНУ-руу шууд нислэг үйлдэхээр ажиллаж байна


Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. 

Энэ удаагийн хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон тус газрын удирдлагууд, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир болон бусад мэргэжилтнүүд оролцсоноос гадна, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нарын албаны хүмүүс онлайнаар оролцож санал бодлоо хуваалцсан юм. Хурлаар хоёр улсын Агаарын харилцаа тогтоох, Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Мөн “МИАТ” ХК-иас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын талаар танилцууллаа. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол Улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэв. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалтуудыг хийж, хэлэлцээр шат шатандаа нааштайгаар өрнөж байгаа. Бид 2023 он гэхэд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна” гэжээ. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болно” гэдгийг онцлов хэмээн ИНЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна