Германы канцлер Олаф Шольц ирэх даваа гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзана. Үүнийхээ дараа ОХУ болон Украинд айлчлал хийж, хурцадмал байдлаас гарах дипломат хэлэлцээ өрнүүлэх төлөвтэй байна.
Учир нь Герман улс хурцадмал байдлыг дипломат аргаар зохицуулах арга замыг эрэлхийлсээр байна. Тус улс Украин руузэвсэг илгээхээс татгалзаж, зарим холбоотнуудынхаа эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудал бол Европ тивд үүсээд байгаа хийн хямралтай холбоотой гэж судлаачид онцолж байна. Үүнээс гадна хийн үнэ нэмэгдэж үйлдвэрлэл хумигдахад хүргэж байгаа асуудлаас болж Олаф Шольцийн нэр хүнд сүүлийн үед унаж олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөөр байгаа юм.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, "Уулзалтын гол сэдэв нь ОХУ болон Украины тухай. Би өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй үр дүнтэй яриа өрнүүлсэн. Бид дипломат харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна." хэмээн мэдэгджээ.
Харин судлаачдын хувьд уулзалтын сэдэв нь ОХУ-ыг хэрхэн зогсоох вэ гэдэг нь дээр ирэх долоо хоногийн уулзалт өрнөнө гэж үзэж байна. Жонс Хопкинсийн Их сургуулийн Герман судлалын хүрээлэнгийн тэргүүн ЖеффРатке, "Ирэх долоо хоногт болох ЖоБайден, Олаф Шольц нарын уулзалтын мөн чанар бол “дайнаас урьдчилан сэргийлэх” явдал юм. Европын улс төрийн дэг журмыг хадгалах нь Германы дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг. Ний нуугүй хэлэхэд энэ уулзалт Жо Байденыхувьд ч маш чухал юм." гэсэн байна.
ОХУ нь АНУ болон Европын хориг арга хэмжээний хариуд байгалийн хийн экспортоо зогсоовол Европын эрчим хүчний хангамжид юу тохиолдох бол гэсэн айдас улам бүр нэмэгдсээр байгааг барууны хэвлэлүүд онцолсоор байна.
Энэ талаар Брукингсийн хүрээлэнгийн Герман ба Атлантын далай дамнасан харилцааны асуудал эрхэлсэн дарга Констанзе Стелзенмюллер, "Эдийн засгийн хориг арга хэмжээ, “Умардын урсгал-2” төслийг зогсоох эсэхээс гарах үр дагаврыг европчууд үүрэх болно. Шатахууны үнэ огцом өсч, хийн хангамжийн асуудалтай байгаа нь улс төрийн нөлөөтэй. Тийм ээ, Оросууд хийн нийлүүлэлт нөлөөтэй. Эцэст нь хэлэхэд, инфляц өндөр байгаа танд мэдрэгдэж байна тийм үү? Мэдээжийн хэрэг, Европын популистууд үргэлж улс төрийн зөрчилдөөн, хурцадмал байдлыг ашигладаг." хэмээн ярьжээ.
ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн компани "Газпром", Германы канцлер асан Герхард Шрөдерийг захирлуудын зөвлөлдөө элсүүлэхээр нэр дэвшсэн тухай баасан гарагт мэдэгдсэн. 1998-2005 онд Германыг удирдаж байсан Шрөдер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй канцлер байхдаа найрсаг харилцаатай байжээ.
Өдгөө 77 настай тэрбээр Социал демократ намын хамгийн нэр хүндтэй удирдагч. Мөн Умардын урсгал AG компанийн хувьцаа эзэмшигчдийн хороог тэргүүлж, АНУ, Украин болон зарим орнуудын эсэргүүцэж байгаа "Умардын урсгал 2" төслийг ТУЗ-ийг тэргүүлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна