Одоохондоо сүржигнэх шаардлагагүй байх л даа. Гэхдээ л манай улсын орлогын гол эх үүсвэрийн нэг болсон нүүрсний экспорт хэзээ ч энэ жилийнх шиг эрсдэлтэй тулгарч байсангүй. Цар тахалд нэрвэгдсэн 2020, 2021 онд ч энэ удаагийнх шиг тодорхойгүй, сэтгэл түгшиж байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. ОХУ, Украины хэрэг явдлаас үүдэлтэйгээр эрчим хүчний хямрал хаалга тогшиж, зарим айлын босгоор хэдийнэ давчихлаа. Хэрвээ нүүрс болон бусад түүхий эдийн экспорт хэвийн явбал бид энэ байдал бидэнд ашигтай тусах магадлал бий Гэвч ашиггүй байх магадлал бас өндөр байна. Манай улс нүүрсээ ганц БНХАУ-д нийлүүлдэг. Гэтэл БНХАУ цар тахлаар шалтаглан хилийн боомтуудаа түгжиж, улмаар олборлолтоо нэмэгдүүлж, импортын хамаарлаасаа гарахыг эрмэлзэж эхэлсэн нь манай улсад эрсдэл үүсгэж байна.
2022 оны төсөвт уул уурхайн салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг буюу төсвийн нийт орлогын 26 хувь байна, 36.7 сая тонн нүүрс экспортолж, гурван тэрбум ам.доллараас багагүй орлого олно гэж тооцсон нь урьд өмнө байгаагүй дээд амжилт тогтооно гэсэн үг байв (2018 онд 36 264 800, 2019 онд 36 604 100 тонн нүүрс экспортолсон нь дээд хэмжээ). 2021 онд 15 941 700 тонн болж, өмнөх жилийнхээсээ 44 хувиар уначихаад (2021 онд 28 677 000 тонн нүүрс экспортолсон) байхад ийн тооцсон нь нэг талаар вакцинжуулалт явагдаж цар тахлын эрсдэл арилна гэсэн хүлээлт үүссэн, хоёрдугаарт Шивээхүрэн, Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал ажилуулж, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам оны дундуур ашиглалтад орохоор болсонтой холбоотой байв.
Гэтэл төсөв батлагдсаны дараа тээврэлэлтийн нөхцөл байдал сайжраагүйгээр барахгүй, БНХАУ хилийн худалдааны дэглэмээ улам чангатгаж орхисон. Одоо бүр дотоодын олборлолтоо огцом нэмэгдүүлж, импортын хамаарлаа багасгах зорилт тавьснаа ил тод зарлаж байна.
БНХАУ-ын нүүрсний бодлого
“БНХАУ олборлолтоо нэмсэн ч Монголоос “өчүүхэн жаахан”-ыг авдаг учир экспортын хэмжээнд нөлөөлөхгүй” гэх хүн гарч магадгүй. Тэгвэл нүдэн дээр өрнөж буй үйл явц, холбогдох тоо баримт арай өөрийг хэлж байна.
БНХАУ өнгөрсөн оны сүүлээр Шотландын Глазгод болсон Уур амьсгалдын өөрчлөлтийн эсрэг бага хурлаар БНХАУ 2060 он гэхэд утаа ялгаруулалтаа бүрэн зогсоох том үүрэг авч олон улсын талархлыг хүлээсэн. Гэтэл дарга Ши Жинпин нь “Эрчим хүчний шилжилт нь урт удаан үйл явц бөгөөд бид нүүрс хэрэглэхээ шууд зогсоож чадахгүй. Нүүрсээр баялаг, газрын тос, байгалийн хий хомс манай улсын хувьд, бодит байдлаас салахгүй” гэж шулуухан мэдэгдчихлээ. Түүгээр зогсохгүй нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг байгуулж, нүүрсний хэрэглээгээ нэмнэ гээд хэрэгжүүлээд явж байна.
Урд хөрш өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дотоодын нөөц бололцоондоо түшиглэж хангахыг чухалчилна гэж сар гаруйн өмнө мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш сар гаруйн хугацаанд дотоодын уурхайнуудын олборлолтыг 10 гаруй хувиар нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд нь цахилгаан станцуудын нүүрсний нөөц 149 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 30 гаруй сая тонноор нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр Шотландын Глазгод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд БНХАУ “2060 он гэхэд утааг тэглэх” зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн ч өнгөрсөн намрын эрчим хүчний хямрал, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн, ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эрчим хүчний түүхий эдийн дутагдал үүсэх, хямрах эрсдэл бодитойгоор нүүрлэсэн зэргээс эрчим хүчний аюулгүй байдал нь нэн тэргүүний зорилт болгожээ.
БНХАУ жилдээ 4.3 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэгээс 3.7 тэрбум орчим тонныг дотоодоосоо хангаж, үлдсэн 611 сая тонныг нь импортолдог. Тэгвэл тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн сард хуралдаад импортоо багасгахын тулд олборлолтоо 300 сая тонноор нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Одоо ажиллаж байгаа уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх замаар 150 сая тонн, шинэ уурхайнуудыг нээж 150 сая тонныг “босгох” тойм зураг зурсан. Хэрэгжүүлэх арга замын тухайд Засгийн газар 70 сая тонн, орон нутгийн засаг захиргаанууд 150 сая тонн, цахилгаан станцууд 200 сая тонн тонн, нүүрсний уурхайнууд 100 сая тонн, томоохон уурхайнууд 100 сая тонн гэх мэтчилэнгээр олборлололтоо 620 сая тонноор нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 620 сая тонн гэдэг нь БНХАУ-ын гадаадаас авдаг импортын хэмжээ юм. Төлөвлөгөө бүрэн хэрэгжвэл импорт байхгүй болно оо л гэсэн үг. Одоо өмнөд хөршийн уурхайнууд өдөрт 12.6 сая тонн нүүрс олборлож байгаа нь жилд 4.6 тэрбум тонн буюу жилийн хэрэгцээтэй нь дүйцэж байгаа юм.
Бид цаашид яах вэ
Одоогоор хамгийн тодорхойгүй байгаа асуудал энэ л болчихоод байна. БНХАУ хэдий дотооддоо их хэмжээний нүүрс олборлож, гаднаас худалдаж авах шаардлагагүй болох нь дээр дурдсан тоо баримтуудаас харагдаж байгаа ч газар нутгийн байрлал гэсэн том давуу тал бидэнд байдаг. Нүүрс бол таваарын гэхээсээ илүү ложистик, тээврийн бизнес гэж тооцогддог учир дотоодод олборлосон байлаа ч хол замд тээвэрлэхээр ашиггүй болдог онцлогтой. Тиймээс бид давуу талдаа дулдуйдаад хилтэй ойр станцуудад нийлүүлэх арга зам хайж болно. Гэсэн ч дахиад хоёр том саад тулгарч байна.
Эхнийх нь хилийн худалдааны дэглэм. БНХАУ “0 ковид” бодлого хэрэгжүүлснээр тус улсад экспорт хийж амьдралаа залгуулдаг олон улс эдийн засгийн цохилтод орж эхэлсэн. Тэдгээр улсын нэг нь Монгол болж байгаа нь харамсалтай.
Удаах хүндрэл нь, БНХАУ-ын удирдагчид олборлолт нэмэгдүүлсний нэг гол шалтгаан нь дотоодын зах зээл дээр үнэ савлуулахгүй байх зорилготой бөгөөд нүүрсний зах зээлийн үнэ тогтворжуулах механизмыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд үнэ тогтоолтод оролцож эхэлсэн. Жишээ нь, Чинхуандао боомтоор 5500 ккал эрчим хүчний нүүрсийг дунд болон урт хугацаанд худалдаалах харьцангуй боломжийн хязгаарыг нэг тонныг 570 юань (90 орчим ам.доллар)-аас 770 юань (117 ам.доллар орчим) гэж тогтоосон байна. БНХАУ ингээд үнээ барьчихаар манайх түүнээс нь давсан үнээр өгнө гэдэг худлаа болно. Угаасаа үнэ ярихтай манатай, хилээр яаж ахиухан гаргая даа гэж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн саяхан хийсэн хэвлэлийн бага хурлаас харагдсан.
Өнгөрсөн сард “Фитч” агентлаг “Монголиан майнинг корпорац”-ын зэрэглэлийг бууруулахдаа босгосон мөнгөнөөсөө 2024 онд их хэмжээгээр (440 сая ам.доллар) эргүүлж төлнө, “БНХАУ хил дээр үе үе хязгаарлалт тавьдаг тул MMC-ийн бизнес сэргэх нь тодорхойгүй байна” гэсэн шалтгаан хэлж байсан. Энэ нийтлэг байдал бусад компаниудад ч адилхан байгаа. Харамсалтай нь гарах гарц одоогоор алга.
Эрдэнэс-Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Өдөрт 100, 200 тонн нүүрс гаргаж байгаа
2021 оны тавдугаар сард уртын тээвэр зогссоноос Гашуун сухайт-Ганцмодны боомт дээр их хэмжээний нүүрсний хуримтлал бий болсон. 11 сая тонн байснаа одоо зургаа орчим болчих байх. Өдөрт 100, 200 тонн гээд бага хэмжээгээр ч атугай гарч байна. Энэ янзааараа зургаадугаар сар гарч байж дуусах болов уу. Өмнө нь өдөрт 1000-1200 тонн нүүрс гарч байсан. Одоо ядаж 800-1000-д барьчихвал энэ жилийн төлөвлөгөөт экспортоо бүрэн гаргачих бололцоотой.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.13
Жавхлан 4,1 нд урт явлаа гээд сүржигнээд байсан явсан уу?
Хариулах