Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар 2022 оны төсөвт хоёр удаа тодотгол хийхээр болж байна. Эхний төсвийн тодотгол Цагаан сарын үеэр ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудал байсан бол одоо залуусын шаардсан үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляц барих, төрийн хэмнэлтийг хийх зэрэг асуудлууд багтаж байна.
Энэ хүрээнд нийт Улсын төсвөөс 518.9 тэрбум төгрөгийн 425 гаруй ажлыг танахаар болжээ. Ингэснээр нийт 2022 онд хийгдэх 1 их наядын бүтээн байгуулалтын 50 хувь танагдаж байгаа гэж хэлж болно.
Эх сурвалжийн хэлснээр Төсвийг танахын тулд Ерөнхий сайд УИХ-ын гишүүдтэй тулах хэрэг гарсан. Энэ хүрээнд МАН-ын бүлгийн хуралд оролцсон. УИХ-ын гишүүд тойрогт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танасанд нилээд бухимдангүй байсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн зун Засгийн газрын гишүүдээ болон үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд гишүүн бүрд тойрогт нь 4 тэрбумыг амласан. Гэвч одоо ингэж танаж байгаад сэтгэл дундуур байгаагаа зарим гишүүд Ерөнхий сайдад ил болон далд хэлбэрээр илэрхийлсэн байна. Харин Ерөнхий сайдын хувьд Булганд баригдах "Айрагны Өргөө"-өөс эхлээд жишээ авч танах ёстой талаар дурдаж нээлттэй санал хураалт явуулж тодотгол хийхээ баталгаажуулжээ.
Уг төсвийн тодотголын асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдаж ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна