ХҮН НАМ ӨӨР ЗАМААР ДЭЛХИЙН МОНГОЛЫГ БҮТЭЭНЭ

Админ
2022/05/02

Монголын улс төрд шинэ өнгө төрхийг тодорхойлон хүчтэй гарч ирж байгаа ХҮН нам, Ээлжит бус VII их хурлаа амжилттай зохион байгуулж дараах томоохон шинэчлэлүүдийг хийлээ. 

Тус хурлаас хамгийн ихээр анхаарал татсан, онцлох зүйл нь ХҮН нам нь цаашид “ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ” үзлийг баримтлахаа илэрхийлж, цомхон төртэй, хүний эрх, бизнес эрхлэх, баялаг бүтээх эрх чөлөөг дэмжих баруун төвийн нам болсноо албан ёсоор зарласан явдал байлаа. 

Монголын улсын эрхэм дээд баялаг, эх орны эзэн, хөгжил дэвшлийг бүтээгч нь Монгол ХҮН. Тиймээс тус нам нь иргэдээ Дэлхийн сайн иргэн, эх орноо Дэлхийн Монгол болгохын төлөө ирээдүйд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөрөө ХҮНрүүгээ чиглүүлэн, тууштай ажиллахаа илэрхийллээ. 

Үзэл баримтлалаа шинэчилж байгаатай уялдуулан ХҮН нам нь “Хөдөлмөрийн Үндэсний Нам” нэрээ “ХҮН” нам болгон өөрчилж, мөн лого буюу билэгдэлээ өөрчилжээ. 

ХҮН намын шинэ билэгдэл нь дараах утга агуулгатай ажээ : 

-          Монгол улсын эрхэм дээд баялаг, эзэн, хөгжлийг бүтээгч нь Монгол ХҮН

-          Баруун тийш хандсан сумны зэв мэт дүрслэл нь ХҮН нам Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн, эх орноо дэлхийн Монгол болгон хөгжүүлэхийн төлөө зэв мэт хурц шийдэмгий, тууштай зүтгэнэ

-          Сүүн цагаан өнгө нь цэвэр тунгалаг, шударга, үнэний илэрхийлэл

-          Яргуй цэцгийн ягаан өнгө нь шинэ эрч хүч, итгэл найдвар, тэгш боломжийн билэгдэж байгаа юм байна. 

ХҮН намын ээлжит бус VII  их хурлын үеэр ХҮН намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд “Өөр зам дэлхийн Монгол” илтгэлийг тавьсан ба тус илтгэлээс дараах зүйлүүдийг онцолж байна. 

... Аль ч бодлого бүтсэнгүй, МАН АН чадсангүй

МАН, АН-ын үе үеийн ах нар 30 жил бид чадна гэж засагласан боловч тэд ЧАДСАНГҮЙ!

Үр дүнд нь орлогогүй, ажилгүй, түгжрэлд гацсан, стресст орсон, асуудал бүхнийг үүрсэн, алс ирээдүйдээ итгэлээ алдсан 3.5 сая ИРГЭДТЭЙ, өрөнд баригдаж, авилгадаа идэгдсэн, хаалттай, жижиг, хөмөрсөн тогоон доторх ядуу Монгол Улс болжээ.... 

... Бизнес эрхлэх ял боллоо. Залуус бухимдаж байна!

Том, бага бизнес эрхлэгчид хичээгээд хичээгээд, ажиллаад ажиллаад татварын өр, банкны өртэй хоцордог боллоо....

Гадаад байтугай дотоодын хөрөнгө оруулагч гэж байхгүй боллоо. Эсрэгээрээ Монголоос яаж гарах вэ, гадагшаа очоод яаж амьдрах вэ, ямар бизнес хийх вэ гэсэн залуусын цөхөрсөн, гомдсон харцтай байнга тулгардаг боллоо. Хийж бүтээе гэсэн болгоныг зөвшөөрөл, лиценз, татвар хураамжаар дарамтлан, томоохон бизнесүүдийг шоронгоор айлган өмчийг нь булаадаг хуулийн хонгил үргэлжилсээр байна.

Хавтгайрсан халамж, дабл стандарт нийгмийн бүтээлч хандлагыг устгаж, залуус ажил хийх урам зориг, сонирхолгүй, зүтгэлгүй болж байгаа нь өнөөдрийн бодит байдал. 

ХҮН нам ирэх 30 жилд ямар бодлого баримтлах вэ? 

ХҮН нам өнөөдрийн бүх асуудлыг шийдвэрлэх тодорхой бодлого, ирээдүйн 30 жилээ харсан хэрэгжихүйц, бодит төлөвлөгөөтэй. Бид хоосон амлаж, худлаа ярьж иргэд, хойч үеэ хуурахгүй ээ. Монголчууд бидэнд одоогийн хулгайн замаас ӨӨР ЗАМ, залуусаа дэлхийн ХҮН, эх орноо Дэлхийн Монгол болгох гарц шийдэл бий. Үүнээс тоймлон танилцуулъя: 

  1. Иргэнийхээ эрх чөлөөг дээдэлсэн, цахимжсан цомхон төрийг бүтээнэ. 
  2. Татвар, санхүүгийн бодлогоор бизнесийг дэмжинэ. 
  3. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ. 
  4. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ. 
  5. Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ
  6. Боловсролыг ямагт эрхэмлэнэ. 
  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ. 
  8. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ. 
  9. Дэлхийн ардчилсан орнуудтай хамтдаа хөгжинө
  10. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ. 

Ийнхүү ХҮН нам өөр замаар, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол Улсыг бүтээхийг төлөө зэв мэт  зүтгэхээ илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна