Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтыг хийж байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас 7, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 6, нийслэлийн Байгаль орчны газраас 6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 5, нийт 24 албан хаагч багтаж байна. Өчигдрийн байдлаар нийт 24 албан хаагч таван автомашинтай Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ийнхүү үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айлууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна