"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлжилж байна

Админ
Өчигдөр 18 цаг 33 минут

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 226 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 1200 гаруй албан хаагч оролцож, сайн туршлагаа хуваалцаж, сургалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Уг зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдад тулгараад буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын гарц шийдлийг харилцан ярилцах, хууль тогтоомжийн болон бусад шинэчлэл, хэрэглээний талаар хэлэлцэж байна. Мөн дараагийн 30 жилдээ хэрхэн хөгжих, ямар зорилго, зорилт дэвшүүлж явах талаар бодлогоо тодорхойлсон зөвлөгөөн болж байна” гэдгийг онцлов. 

Төрийн албаны зөвлөлийн дарга П.Цэдэвсүрэн “Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд орон нутагт зургаан зөвлөгөөнийг зохион байгуулж, өнөөдөр хамгийн сүүлийн бүс буюу нийслэлийн бүсийн зөвлөгөөн эхэллээ. 130 мянга гаруй төрийн албан хаагчийн санал хүсэлтэд үндэслэн анх удаа уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчдын 64.3 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Иймээс эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, шатлан дэвших боломжийг нээж өгөх, дутагдаад буй сургалт хөгжлийн асуудлуудад анхаарал хандуулна. Өнөөдрийн байдлаар долоон удаагийн бүсийн зөвлөгөөнөөр нийт 1000 гаруй эмэгтэйчүүдэд хүрч ажиллалаа. Энэ нь цаашлаад түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

ЗГХЭГ-ын Хүний нөөцийн газрын дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга П.Сарангэрэл "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өнгөрсөн жилийн хугацаанд цахимаар болон танхимаар зохион байгуулж ажиллалаа. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг авч байна” гэлээ. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны зүгээс 330 сумаар явж хэлэлцүүлэг сургалт хийж, үүний дараагаар аймгуудыг бүсчлэн зөвлөгөөн хийсэн бол өнөөдөр нийслэлийн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Төрийн алба-Бидний ирээдүй” уулзалтыг ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй сурагч дунд хийж байна. Уг уулзалтаар ирээдүйд төрийн албанд ажиллах хүсэлтэй сурагчдад төрийн албаны үнэн зөв, бодит мэдээллийг хүргэлээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч болох хүнд ямар шалгуур тавигдаж, ямар шатлалуудаар хэрхэн ажилладаг талаар ерөнхий мэдлэгийг олголоо” гэдгийг хэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна