Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.
-Дэлхийд цар тахал тархсан, ажиллах хугацаандаа жил бүхэн том хэмжээний бондын өр төлсөн он жилүүдэд танай Засгийн газар ажиллах нь. Энэ хугацаанд салбартаа хийхээр зорьж байгаа гол ажлууд юу байна вэ?
-Би төмөр замд олон жил ажилласан. Одоо ч өөрийгөө төмөр замчин гэж боддог. Энэ ч утгаараа төмөр замын салбарт одоо хийж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам дээр ногоон дохиог нь асаагаад галт тэрэг явахыг нь харчих юмсан. Үүнийг Монголын ард түмэн 2021 онд харна гэж найдаж байгаа. 2022 оны зургаа, долдугаар сарын үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам мөн ашиглалтад орно. Тэнд нүүрс ачсан галт тэргээ явуулаад харчих юмсан. Мөн Сайншанд-Баруун-Урт-Хөөтийн чиглэлийн төмөр зам байна.
Улаанбаатар төмөр зам бол төвийн бүсийн босоо чиглэлийн төмөр зам. Зүүн босоо чиглэлийн төмөр замыг овоо явуулаад 2024 он гэхэд төмөр замын салбар хийсэн ажилтай байлгахыг зорьж байна. Энэ он жилүүд төмөр замын бүтээн байгуулалтын он жил байлаа гэдгийг ард түмэндээ харуулчих юмсан гэж бодож байна. Мөн авто замын салбар байна. Монгол Улсын бүх аймаг нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбогдлоо шүү гэдгийг ард түмэндээ энэ Засгийн газар зарлаасай гэж бодож байгаа.
-УИХ энэ оны төсөвт тодотгол хийсэн. Улсын хэмжээнд баригдах замын санхүүжилтийг хассан уу?
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж үндсэн гурван асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндсэн гурван чиглэлийг анхаарч тусгасан. Нэгд, хөдөлгөөний эрчим өндөртэй газрууд буюу Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг, Улаанбаатар-Төв аймгийн Баян сумыг дөрвөн урсгалтай замтай болгох, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор энэ бүс нутагт урт богино замуудыг тавих чиглэл барьсан. Энэ жил Баянхонгор Говь-Алтай аймгийн 127 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг хатуу хучилттай замаар холбочихвол 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож дуусна. 2020 оны Их хурлын сонгуульд МАН “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ бол манай Засгийн газрын анхаарч ажиллах гурав дахь төсөл. Уг хөтөлбөрөөр аймгийн төвийг хөдөлгөөний эрчим, эдийн засгийн ач холбогдол, хүн амын суурьшил ихтэй сумуудтай нь хатуу хучилттай замаар холбоно. Ингэхдээ аймгийн төвүүдийг Улаанбаатартай холбоод байгаа шиг өртөг өндөртэй замаар холбохгүй. Суурь багатай, хөнгөн хучилттай зам барина. Одоогийн барьж байгаа замаас хоёр дахин хямд зам барина гэсэн үг. Энэ ажил ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Зам тээвэр хөгжлийн төвийн дэргэд судалгааны нэгж байгуулсан. Энэ өвөл судалгаагаа хийгээд 2021 оны хавраас замаа бариад эхэлнэ. Эхний ээлжид 45 сум холбох төлөвлөгөө байгаа. Улсын төсвөөс санхүүжүүлээд дөрвөн жилдээ хувааж барина.
-Тэгвэл ирэх дөрвөн жилд төмөр замд ямар бүтээн байгуулалт хийх вэ. Одоо барьж байгаагаас өөр шинэ төсөл бий юү?
-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил дуусаад төмөр замаа бариад эхэлсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил сайн явж байна. Дараагийн том хөтөлбөр бол Сайншанд-Хөөтийн чиглэлийн 500 орчим км төмөр зам байна. Дараа нь Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигтийн боомтыг Хятадын зүүн хатавчтай холбоно. Ингээд Монгол Улсын баруун босоо чиглэлийн төмөр зам бий болох юм. Энэ замыг барьснаар нэгд, уул уурхайн бүтээгдэхүүнээ гурав дахь зах зээл рүү гаргана. Хоёрт, Хятад, Оросын хооронд транзит тээвэр явна. Гуравт, ажлын байр нэмэгдэж, суурьшлын бүсүүд бий болно. Шинээр тавигдах замын 100 км радиус доторх уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хоёр дахьд орсон том ажил бол баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгана гэж байгаа. Энэ бол үндсэндээ Туваагийн Кызыл хотын ойролцоо бий болсон коксжих нүүрсний том уурхайд чиглэсэн зам. Баруун чиглэлд байгаа уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүнийг нь Хятадтын зах зээл рүү гаргах юм. ТЭЗҮ-ийг амжилттай хийж чадвал 2024 оноос зам барилгын ажил эхэлж таарна. Кызылын нутагт байгаа коксжих нүүрсийг Монголын нутгаар дамжуулж Хятад руу гаргахад энэ төмөр зам голлох үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой.
-Дарханы замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-15 гэхэд нээнэ гэж байна. Хоёр хэсгийг замын ажил бүрэн зогссон байгаа. Тэгэхээр хөдөлөөнийг яаж нээх вэ?
-Хоёр, дөрөвдүгээр багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замын ажлыг Хятадын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” хийх байсан. Гэвч тус компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид гарсан Ковид-19 халдвартай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас гэрээ цуцлах хүсэлтээ наймдугаар сарын 16-нд манай талд ирүүлсэн. Одоогоор гэрээ цуцлах үйл ажиллагаа явж байна. Үүнээс болж 90 гаруй км замын ажил зогссон. Тиймээс дээрх хоёр багцын гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулна. Төлөвлөгөөгөөр бол энэ ондоо багтаан сонгон шалгаруулж ирэх оны гуравдугаар сард замын ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгана гэж тооцож байна.
-Шинэ зам бариад замаа арчлах гэдэг хамгийн чухал гэдэг. Манайд зам арчлал маш муу байдаг. Та ирэх дөрвөн жилд барьсан замаа арчлах асуудалд хэрхэн ажиллах вэ?
-Зам бариад байдаг арчлалтын асуудал хамгийн чухал байгаа. Манайхан нэг шинэ зам бариад хаячихдаг. Бүр тартагт нь тулгаж байж засдаг. Уг нь бол зам өнөөдөр ашиглалтад орвол маргаашаас нь эхлээд арчлалтыг нь хийж байх ёстой юм. Тиймээс авто замын компаниудыг хүчжүүлэх хэрэгтэй байна. Үүн дээр ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл, авто замын засвар арчлалтын компаниудыг нэгд, мэргэжлийн боловсон хүчин, хоёрт, техник тоног төхөөрөмжөөр хүчжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо ихэнх нь түрээсийн тоног төхөөрөмж ашигладаг, улсын төсвөөс хэдэн төгрөг хуваарилдаг. Үүнийхээ ихэнхийг түрээсэлсэн тоног төхөөрөмждөө өгөөд дуусдаг. Одоо Сангийн яамтай ярьж байгаад Беларусийн 8.9 орчим сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 43 нэгж тоног төхөөрөмж авна. Энэ ондоо багтаад юм уу, ирэх оны эхээр манайд ороод ирнэ. Үүнийг зам засварын компаниуддаа өгнө. Замын засвар арчлалтын компани ямар тоног төхөөрөмжтэй байх вэ гэдэг стандарт тогтоож өгнө. Дарга, инженер нь ийм боловсролтой хүмүүс байна гэсэн стандарт мөн тогтооно. Дээрээс нь зам дээр хэдий хэмжээний нүх бөглөнө тэр чинээгээр сайн ажиллаж байна гэж үздэг байсан. Одоо бол замыг бэлэн байдлын коэффициентоор нь санхүүжүүлдэг системд шилжинэ. Энэ нь зам хэдий чинээ сайн байна тэр хэмжээгээр сайн цалин авна гэсэн үг. Зам муу байвал хэчнээн ажил хийсэн ч муу цалин авна гэсэн үг.
-Орон нутгийн АЗЗА компаниудыг хувьчлах асуудал байнга яригддаг. Таны үед АЗЗА компаниудыг хувьчлахгүй юм байна?
-Хувьчлах, хувьчлахгүй гэдэг бол эмзэг асуудал. Би хувьдаа юу юугүй орон нутгийн зам засварын компаниудыг хувьчилна гэж хэлэхгүй. Үүнийгээ хүчжүүлэх хэрэгтэй. Хувьчлаад хаячихдаг санхүүгийн чадвар муу байвал бүр дордоно. Тэгэхээр хувьчилна гэхийн оронд эдгээр компаниудыг хүчжүүлэх л шаардлагатай байна. Зарим компаниуд 100 км хариуцаж байхад зарим нь 300 км хариуцаж байна. Ингэж болохгүй. Тиймээс замынх нь байдлаас шалтгаалаад стандарт тогтоож өгнө. Дунджаар нэг компани 200 км хариуцаж ажиллавал болох гээд байгаа юм. Хөдөлгөөний эрчим өндөртэй газар бол бараг 100 км ч байж болно. Цаашдаа орон нутгийн болон олон улсын чанартай замууд дээр нэг, хоёр АЗЗА компани нэмж байгуулах ч асуудал гарна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 32 АЗЗА байна, 22 нь улсынх, 10 нь хувийнх байна.
-Зам арчилгааны компаниуд улсын төсвөөс санхүүждэг гэж байна. Зам арчлалт муу байгаа нь төсөвтэй холбоотой байдаг уу?
-Би яаманд ирээд хоёр жил гаруй ажиллаж байна. Нэг хэсэг жилд зам арчилгаанд 20-25 тэрбум төгрөг өгдөг байсан. 7000 орчим хатуу хучилттай авто замыг арчлахад төсөвлөдөг мөнгө нь. Энэ нь хаана ч хүрдэггүй. Энэ жилийн хувьд бол 50 орчим тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ бол нэг үеэ бодвол маш том ахиц. Ер нь бол замаа сайн арчлаад явахад 75 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гардаг. Шинэ зам бариад таван жилийн дараа дараагийнхаа урсгал засварыг хийж байх ёстой. Тэр хооронд өдөр тутмын арчлалт хийж байгаа. Зам бариад л маргаашаас нь арчилж эхлэхгүй бол гурав, дөрвөн жил болоод л нөгөө сайхан зам байхгүй болно. Замынхаа насыг уртасгая гэвэл замынхаа арчлалтыг л сайжруулах хэрэгтэй.
-Та замын салбарт дунд мэргэжлийн хүмүүс дутмаг байна гэсэн. Төмөр замд МСҮТ-тэй болсон гэж байна. Авто зам дээр МСҮТ байгуулах уу?
-Авто замчдын холбоо гэж ТББ бий. Яамтай хамтын ажиллагаа сайтай. Энэ холбоонд нэг л хүсэлт тавьж байгаа. “Та нар авто замынхаа салбарын төлөө санаа зовж байгаа бол авто замаа арчлаад явдаг мэргэжилтэн ажилтнуудыг бэлтгэ, МСҮТ-өө байгуулж өг” гэж байгаа. Эхний ээлжид шууд байгуулахгүй ч гэсэн аль нэг МСҮТ-ийн дэргэд замын анги нээгээд цааш явах боломжтой. Налайхад нэг МСҮТ дээр анги нээсэн, ганц нэг төгсөлд хийж байгаа юм билээ. Үүнийгээ цааш чадваржуулах, олон болгох хэрэгтэй. Мөн зам барьж байгаа операторууд, хүнд даацын машин барьдаг мэргэжилтэй жолооч. Ийм мэргэжилтнүүдээ мөн бэлтгэмээр байгаа юм.
-Төмөр замаа өөрсдийн хөрөнгөөр өөрсдөө бариад эхэлсэн. Гэтэл авто зам дээр дандаа гаднын компани байгаад байгаагийн учир юу юм бэ?
-Манайхан авто замаа өөрсдөө барьж байгаа. Дарханы зам бол олон улсын тендер зарлаад, шалгуур өндөр учраас гаднын компаниуд шалгараад байгаа юм. Харин Монгол Улсын төсвийн мөнгөөр баригдаж байгаа замууд дээр 100 хувь Монголын компаниуд ажиллаж байгаа. Нэг үеэ бодвол манай замын компаниуд маш сайн болсон. Нөгөө талаар ковид гэдэг зүйлийг дан ганц сөргөөр харах бус эерэг талаас нь харах ёстой юм байна. Саяхан бид Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд ажиллаад ирсэн. Тэнд 226 м гүүрийг монголчууд өөрсдөө барьж байна. Гүүрийг уг нь хятадууд барих ёстой байсан ч хөл хориотой холбоотойгоор ирж чадаагүй юм билээ. Өнгөрсөн жил ажиллаж байгаад Цагаан сараар яваад эргэж ирэх боломжгүй болсон. Тиймээс манайхан өөрсдөө барьсан байна. Монголчууд 226 м төмөр замын гүүрийг хэзээ барьж байсан, одоо ч чадаж байна. Хэрвээ ковид гараагүй, хятадууд нь хүрээд ирсэн бол бид хараад л зогсож байх нь. Цаашдаа монголчууд төмөр замын гүүр барихад санаа зовох зүйл байхгүй болсон. Одоо гол дээгүүр гүүрээ барина. Баруун босоо чиглэлийн төмөр замууд барихад гүүрэн дээр бид гаднын хүмүүс царай алдах шаардлагагүй болсон. Дандаа өөрсдөө ажиллана. Монгол Улсад төмөр зам хөгжөөд 82 жил боллоо. Энэ хугацаанд юу сурснаа манай төмөр замчид харуулж байна. Би ч төмөр замын хүн гэхэд жилийн дотор 414 км төмөр замын даланг барина гэж төсөөлөхгүй л явж байсан. Анх хоосон тал байсан. Машинтай явахад шөнө трасс нь төөрдөг байлаа. Одоо харахад Зүүнбаянгаас трассаа дагаж явсаар байгаад Цогтцэций сум орно. Монголын 92 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр орсон. Замын ихэнх компаниуд тэнд ажилласан. Энэ бол маш том амжилт.
-Авто замын стандартад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ер нь манай замууд стандартын шаардлагын дагуу баригдаж чадаж байна уу?
-Дарханы зам дээр стандарт хангагдаж байгаа гэж бодож байгаа. Би ч өөрөө хагас сайн бүхэн явж байна. Стандарт маш сайн байгаа. Ганцхан дараагийн ажил бол арчлалт сайн байх ёстой. Мянга сайн зам бариад арчлахгүй бол ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
-Энэ удаагийн Засгийн газар харьцангуй мэргэжлийн, хүмүүсийн таамгаас зөрсөн томилгоо болсон. Засгийн газар байгуулагдах үеэр гишүүдэд ч мэдээлэл байгаагүй. Таныг сайд бол гэж хэзээ хэлсэн бэ?
-Манай Засгийн газрын сайд нар долдугаар сарын 7-ны лхагва гаригт томилогдсон. Сайд болохоо би даваа гаригт нь мэдсэн. Даваа гаригт намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий сайдын өрөөнд дуудсан. Яваад ороход Ерөнхий сайд гэнэт хэлсэн. Ингэж анх сайдаар ажиллахаа мэдсэн.
-Таныг МАН-ын гишүүн байгаагүй гэж улс төрийн хүрээд ярьж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын ч ойрын хүн гэсэн мэдээлэл явсан?
-Би Эрхүүд оюутан байхаасаа намын гишүүн байсан. Оюутны зөвлөлийн дарга нарыг авчраад 14 хоногт нэг удаа Ерөнхий консулын газарт намын хуралд суудаг байлаа. 1990 онд төгсөж ирэхэд нийгэм солигдож, нам задарсан байсан. Ингээд сүүлд 1996 онд сонгуулийн өмнө намд дахин элсэж байсан юм. Харин 2013 оны хоёрдугаар сараас 2015 оны хооронд төмөр замаас халагдсан. Гудамжинд таньдаг хүн тараад “Ажил сайн уу гэж асууна. Тэгэхээр нь "би МАН-ын гишүүн ш дээ” гэж хэлдэг болсон. Тэгэхээр ойлгомжтой биз дээ. Би төмөр замд 1983 оноос хойш ажилласан. Дунд нь таван жил сурсан. Тэгэхээр 32 жил ажилласан гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
эх сурвалж www.itoim.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна