ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал
- 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ
- Есдүгээр сарын 25-ны өдрийн Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ
- Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ
- Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
- ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ
- Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Тандалтын зорилгоор 26 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Сорьцыг Сэлэнгэ, Өвөрхангай, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Багануурын эрүүл мэндийн төвөөс авсан.
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 59 хүний шинжилгээ
- Үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтанд хийсэн хяналтын шинжилгээ бүгд сөрөг гарсан.
- Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан" хэмээн мэдээлэв.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил түвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт хэмээн
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.
Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.
Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна