Дараагийн Хотын дарга хэн бэ?

Админ
2020/10/20

2020 оны Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Нам ээлжит орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Тэд иргэдийг ХҮЧЭЭ НЭГТГЭХИЙГ уриалж иргэд ч ХҮЧЭЭ НЭГТГЭВ.

Харин одоо тэдэнд хэрэгтэй зүйл Ерөнхийлөгчийн сэнтий.

  Хүнээр ярих юм бол тэд Хүзүүнээс хөлний ул хүртэл нэг цул болсон ч толгой нь өөр хүн хэвээр л байна. Тиймдээ ч нэг толгойтой болохын тулд тэд ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд байдагаа тавих нь ойлгомжтой юм. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх Монгол Ардын Намын рэйтингийг У.Хүрэлсүхтэй хамт Улаанбаатар хотын захирагч өргөх учиртай. Хотын захирагч нь доош татаад байвал тэд Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд ялагдал хүлээж Ерөнхийлөгчийн сэнтий тэдний мөрөөдөл болон 6 жил хойшлох нь тодорхой юм.  Учир нь одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга 6 сараас хойш өнөөдрийг хүртэл шуудай шуудайгаар нь одон тарааж, орон нутагт өөрийн байр сууриа бататгаад авсан. Үүний үр дүнг нь Ардчилсан Нам орон нутгийн сонгуулиар мэдэрч орон нутагт нилээдгүй суудал аваад байгаа.   Тэгвэл Монгол Ардын Намын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн суудлыг бэлэглэхэд фронтд тэмцэх тэрхүү Хотын дарга хэн бэ?
  1. Р.Дагва - Сумъяабазарын удирддаг Нийслэлийн МАН Сонгинохайрханд дүүрэгт доод, дээд шатандаа 100 хувийн амжилтыг үзүүлсэн. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйлсүүдийн нэг бол Р.Дагва яалт ч үгүй юм. Тэрээр НИТХ-ын даргаар сонгогдож, бусдын хэл аманд орохгүй эвтэйхэн бүгдийг даваад туулсан нэгэн. Нэр нь ч цэвэр, намтар нь ч цэвэр. Харин тэр Ерөнхийлөгчөөс ирэх дайралтыг тэсч гарч чадах эсэх нь эргэлзээтэй. Хэтэрхий дуу муутай учраас түүнийг Ерөнхийлөгчийн талаас намнахад амар байж ч магадгүй юм. 
  2. Б.Сүхбаатар- Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал, НИТХ-ын төлөөлөгч тэрээр Р.Дагвын адил мөн л даруухан нэгэн. Ардчилсан Намын хотыг удирдаж байхдаа хийж чадаагүй гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэр зөв менежментэд оруулж, зөв удирдсанаар өнөөдөр гэр хорооллын иргэд орон сууцанд ая тухтай амьдрах боломж нь бүрдсээр байгаа. Хамгийн гол нь Б.Сүхбаатар өнөөдрийн байдлаар Хотын даргын сэнтийд жулдана. Монгол Ардын Нам боловсон хүчний нөөцгүй л болчихоогүй бол түүнийг Хотын даргад тавихгүй. Хэрэв тавьсан тохиолдолд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь тодорхой боллоо л гэсэн үг. 
  3. Л.Амарсанаа- Хүмүүс Л.Амарсанааг төдийлөн мэдэхгүй. Гэхдээ тэр магадгүй МАН-ын 100 жилийн ойг Ерөнхийлөгчтэй нь хамт бэлэглэх Монгол Ардын Намын тэр дундаа У.Хүрэлсүхийн нууц хөзөр байж мэднэ. Түүний хувьд МАХН-МАН болж хуваагдаагүй байхад, С.Баярыг МАХН-ын дарга байхад "Генсек"-ийг хийж, гал тогоог зангидаж байсан нэгэн. Мөн тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ойрын хүн,  БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хийж байсан гээд түүнд арвин туршлага бий. Гэхдээ түүнийг болгож болохгүй нэг шалтгаан нь тэр Дарханых. Жалга довны юм ярьж байгаа юм шиг санагдах ч гэсэн өнөөдөр Нийслэлчүүд Хотын даргаа өөрсдөө сонгодог болох хэрэгтэй гэх зүйл мэр сэр ярьж харагддаг. Тэр шаардлагад тэрээр тэнцэхгүй юм.
  Дээрх 3 хүнээс 2 нь Хотын даргад өрсөлдөх нь тодорхой. Д.Сумъяабазарын талаас Р.Дагва. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаас Л.Амарсанаа. Аль нь ч хотын дарга болж болох ч хэн нь хотын хөгжлийг сонгуулиас холуур авч явж, хэн нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл бүх улс төрийн зодоон, болж бүтэхгүй бүх зүйлсийг үүрч явах ноён нуруутай вэ гэдэг асуултанд нийцэж чадсан нь л хотын даргын сэнтийд суух байх. Ямартай ч Монгол Ардын Намын Нийслэлийн фракц шинэчлэгдэж, шинэ Нийслэлийнхэн гарч ирсэн гэдгийг Д.Сумъяабазар харуулаад байгаа бол У.Хүрэлсүхийн Шударга ёсны тэмцэл үргэлжлэхийг бид харах л үлдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна