- Цацраг идэвхт хаягдал ус хадгалж буй савнууд 2022 оны дунд үе гэхэд дүүрнэ. Нэмж сав байрлуулах зай хомс.
Японы эрчим хүчний TEPCO компани нэг сая шоо метр буюу олимпын тэмцээний 400 усан сан дүүргэхүйц цацраг идэвхт усыг сүйрсэн Фүкүшима Дай-ичи АЦС-аас Номхон далай руу цутгах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Уг төлөвлөгөө нь Чернобылийн ослоос хойших хамгийн ноцтой цөмийн ослын уршгийг арилгах 200 тэрбум ам.долларын хүчин чармайлтын нэг бүрдэл юм. Цацраг идэвхт хаягдал ус хадгалж буй савнууд 2022 оны дунд үе гэхэд дүүрнэ. Нэмж сав байрлуулах зай хомс. Анх сонсож буй нэгэнд айдастай ч цацрагийн бохирдолтой усыг гадагш зайлуулах нь дэлхийн цөмийн үйлдвэрлэлд нийтлэг практик. Япон ч дэлхий нийтээр мөрддөг журамд нийцүүлж хаях бололтой. Гэлээ гээд орон нутгийн иргэд, хөрш Өмнөд Солонгосын уур цухал намжихгүй.
ЦӨМИЙН БОХИРДОЛТОЙ УС ХААНААС ГАРААД БАЙНА? Японы түүхэнд хамгийн хүчтэй нь болох 2011 оны газар хөдлөлтөөр үүссэн цунами Токиогоос умар зүгт 220 километрт орших Фүкүшимагийн АЦС-ын реакторын барилгыг гэмтээсэн юм. Барилга доторх хайлсан цөмийн түлшийг хөргөхөөр өдөрт 100 орчим шоо метр ус цутгадаг нь цацраг идэвхтэй болж хувирдаг. Бохирдсон усыг шахуургаар шахаж АЦС-ын ойролцоох ALPS (Advanced Liquid Processing System) хэмээх 1,000 орчим тусгай саванд хадгалдаг. Бохир усыг тусгай цэвэрлэх процессоор оруулж тритийгээс (tritium) бусад цацраг идэвхт бодисыг нь “шүүж” байгаа. Тритий бүхий усыг далайд асгахын өмнө аюулгүйн стандартад нийцүүлэн дахин боловсруулалтад оруулна хэмээн Японы Эдийн Засаг, Худалдаа,Үйлдвэрлэлийн Яам мэдэгдсэн юм.
ТРИТИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Тритий бол хоёр нэмэлт нейтрон бүхий сулхан цацраг идэвхт устөрөгчийн хэлбэр юм. Дэлхийн агаар мандлын дээд хэсэгт байгалийн процессоор үүсэж явдаг тритий нь мөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн. Тритийг цөмийн зэвсгийн зэрэгцээ анагаах ухааны салбарт био тэмдэглэгээ, ердийн хэрэглээнд зорчигчийн гарц, төрөл бүрийн цагны тооны тэмдэглэгээг харанхуйд гэрэлтдэг болгох үүднээс ашигладаг.
ТРИТИЙ АЮУЛТАЙ ЮУ? Тритий нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Тритийгийн бета-бөөм (цацраг идэвхт задралаар ялгарч буй тэрхүү хэсэг) арьс нэвтэлж дийлэхээргүй сул энергитэй хэдий ч амьсгалах болон хэрэглээгээр (бохир усаар!) дамжин биед хуримтлагддаг. Тритий нь олон тэрбум беккерель (Бк - цацраг идэвх хэмждэг нэгж) хэмжээнд хуримтлагдаж байж хүний биед сөрөг нөлөөлдийг Канадын Цөмийн Аюулгүйн Комисс тогтоожээ. Японд энэ оны гуравдугаар сарын 31-нд явуулсан судалгаанаас үзвэл TEPCO-гийн саванд хадгалаатай усан дахь тритийн хамгийн өндөр агуулга нэг литрт 2.5 сая беккерель байгаа юм. Харьцуулахын тулд жишээ авахад тритийн агуулга гадилд 15 беккерель, нэг килограмм уранд 25 сая беккерель байдаг.
ТРИТИЙГ ЯАЖ ХАЯДАГ ВЭ? Ихэнх АЦС тритий болон бусад цацраг идэвхт бодисыг бага хэмжээгээр гол мөрөн, далайд цутгадгийг Дэлхийн Цөмийн Холбооны (World Nu-clear Association) бодлогын шинжээч Дэвид Хэсс тайлбарлав. АНУ-ын Цөмийн Зохицуулах Комиссын (US Nu-clear Regulatory Commission) тайлбараас үзвэл тус улсын АЦС-ууд тритийтэй усыг “аюулгүй хэмжээнд, тогтмол”, зохих зөвшөөрөлтэйгээр гадагш цутгаж, цутгасан тухай мэдээллийг ил тод нийтэлдэг ажээ.
TEPCO ЯАГААД НЭМЖ САВ АШИГЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? Бохир ус хадгалах 1000 орчим сав байршуулахын тулд шувууны дархан газрын ойролцоох 500 ам метр талбайн ойг хядсан TEPCO-д дахиад сул талбай байхгүй болсон.
БОХИР УС ДАЛАЙД АСГАХЫГ ХЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА Бохир ус далайд асгах нь орон нутгийн агнуурын нэр хүндийг унагаж, загасчдыг амьжиргаанаас нь салгана хэмээн үзэж буй Фүкүшима мужийн загас агнуур эрхлэгчид TEPCO-гийн төлөвлөгөөг эрс эсэргүүцдэг. Фүкүшимагийн ослоос хойш дэлхийн 20 гаруй улс Японы зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тогтоосон нь одоог хүртэл хүчинтэй. Далайн урсгал цацраг идэвхт усыг Өмнөд Солонгосын эрэг хүргэх магадлал бараг байхгүй ч Сөүл уг хэмжээнд түгшиж буйгаа илэрхийллээ. TEPCO-гийн захирал Такаши Кавамура, урьд нь Японы Цөмийн Зохицуулах Албаны тэргүүн байсан Шиничи Танака нар усыг далайд асгах төлөвлөгөөг дэмжиж буйгаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар байр сууриа илэрхийлж амжаагүй байна.
Үүнийг Солонгос улсад эсэргүүцэн жагсаал цуглаан үүсч байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна