Дагавар хүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов.

Админ
2020/10/25

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр / 2020.10.23/ хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай амийг нь хөнөөсөн, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долодугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм. Хэргийг эргэн сануулбал, Б.Хүлгэн нь 2019 оны арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн гэртээ дагавар хүү С-ийг зодож амь насыг нь бүрэлгэсэн юм. Түүнчлэн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр дүү нь хойд аавдаа зодуулж эмнэлэгт хэвтээд гарсан байдаг. Урьдчилсан байдлаар С-ийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдсон юм. Б.Хүлгэн нь 24 настай 2013, 2015, 2017, 2018 онд хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна