Дахин нэг бага насны хүүхэд эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр (2020.10.29) гарлаа.
Уг хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Бага насны хүүхдэд тавих хараа хяналт алдагдаж, эцэг, эхчүүдийн хариуцлагагүй, санамсар болгоомжгүй үйлдлээс бол хүүхэд хохирч, бэртэж, амь насаа алдах байдал сүүлийн үед олонтаа давтагдаж байгаа тул сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдлыг сурвалжиллаа.
Өглөөний 07.00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй зайд осгосон байдалтай нас барсан байжээ.
Бид өдрийн 12.00 цагийн орчимд дээрх хэрэг болсон газарт очиход албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт явуулж дуусаад, охины цогцсыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлсэн байв.
Харин талийгаач охины эцэг эх, мөн тэдний найз гэх хоёр этгээдийг Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байр руу авч явсан байлаа.
Хэрэг гарахын өмнөх өдөр буюу аравдугаар сарын 28-ны оройноос талийгаач охины эцэг, эх найзуудын хамт архидан согтуурч эхэлжээ. Үнэхээр харамсмаар нь охиныг нас барсны дараа ч тэдний уусан архи гараагүй, согтолтын хэмжээ өндөр байсан учраас цагдаа нар эрүүлжүүлэх байр руу хүргэхээс аргагүй байсан гэв.
Болсон явдлын тухай дэлгэрүүлбэл, Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангийн ойролцоо оршин суух иргэн Б-гийн гэрт түүний найз болох Д гэгч нь эхнэр, хүүхдийн хамт иржээ. Тэд нийлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн байна.
Гэрийн эзэн Б нь эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тэд ирсэн зочидтойгоо нийлэн архидан согтуурч, бага насны хоёр хүүхдээ хайхралгүй орхижээ.
Ингээд үүрийн 05.00 цагийн орчимд айлд зочилж ирсэн Д, О нар сэрээд нэг настай охиноо гэрт байхгүй байгааг мэдэн, хайж эхэлсэн байна. Хоёр цаг гаруй хугацаанд өөрсдөө хүүхдээ хайсан ч олоогүй учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Гэтэл хоносон айлынх нь гэрээс 100 гаруй метр зайд охин осгож нас барсан байхыг цагдаа нар олжээ.
Талийгаач охины ээж О анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд тэрбээр “
Нөхөр, хүүхдийн хамт айлд ирж хонотол, хүүхэд маань алга болчихлоо” гэж мэдүүлжээ.
Харин гэрийн эзэн Б нь “Гэрт гал түлсэн учраас их халуун байсан. Халуун болохоор нь гэрийн хаалгыг онгорхой орхиод унтсан, хүүхэд гараад явчихна гэж бодоогүй, мэдээгүй” хэмээн мэдүүлжээ.
Хэрэг гарсан газар орчмын хашаа хороонд тодорхой хаяг байдаггүй учраас “Ганцын задгай” гэж нэрлэдгийг ойролцоох хүнсний мухлагийн худалдагч эрэгтэй хэлсэн. Тэрбээр мөн "Энэ хавьд ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур хүмүүс амьдардаг, талхаа таллаж авна гэдэг амьдрал чинь энд л байдаг. Хэрэг төвөг их гардаг учраас ойр хавиа бүрэн камержуулаад байгаа" гэсэн мэдээлэл өгөв.
Эхнэр, хүүхдийн хамт найзындаа зочилж, найрлаад ийнхүү нэгхэн настай хүүхдээ алдсан хэрэг цаашилбал энэ нийгмийн хамгийн эмзэг сэдэвтэй холбогдоно. Талийгаач охины “аав” гэж өөрийгөө нэрлэсэн Д гэгч нь охины төрсөн эцэг биш байжээ.
Өөрөөр хэлбэл, талийгаач охины ээж О охиноо дагуулан, хоёр дахь амьдралаа зохиогоод удаагүй байсан бололтой.
Бид ийн охины нас барсан газрын ойролцоох үйлдвэр, хүнсний дэлгүүрийн хүмүүстэй уулзсаныхаа дараа хэрэг гарсан хорооны Засаг дарга, нийгмийн ажилтантай уулзахаар явлаа. Өвлийн эхэн сар гарч буй энэ үед нимгэн нойтон хувцастай бяцхан жаалууд шороотой саарал гудмаар олонтаа гүйлдэн зөрөх аж. Эцэг, эх нь хаана байна вэ, ингэж яваад осолдох вий, гэмтэж бэртэх вий, дахин нэг нь амиа алдах вий гэх бодол хөвөрсөөр...
Эмх замбараагүй байрласан хашаануудыг сүлжиж өгссөөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны байранд хүрч очлоо. Хөл хөдөлгөөнгүй орчин дахь хаалттай хаалгануудын нэгийг татаж үзвэл хорооны ажилтан болов уу гэмээр хоёр эмэгтэй “Юу хийж яваа юм” гэж зандрангуй асуулаа.
Хороонд гарсан хэргийн тухай сураглаж яваагаа хэлээд, хорооны Засаг дарга болон Нийгмийн ажилтантай уулзах хүсэлт тавьсан юм. Гэтэл тэд "Нийгмийн ажилтан өнөөдөр ажилладаггүй" гэсэн хариулт өгөв.
Хорооны Засаг дарга Б.Наранцэцэг үдийн цайндаа гарсан байсан тул утсаар холбогдлоо.
-Сайн байна уу. Танай хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд нас барсан хэрэг гарсан байна. Энэ тухай мэдээлэл авах гэсэн юм?
-Хэзээ тийм зүйл болов оо. Би одоо очиж байна.
-Танай Нийгмийн ажилтан ажлын байрандаа байхгүй байна. Хүүхдийн амь нас эрсэдсэн талаар та бүхэнд мэдээлэл ирсэн үү?
-Нийгмийн ажилтан үнэлгээний ажлаар айлуудаар явж байгаа. Хаана тийм хэрэг гарсан юм бэ. Бид нарт цагдаагаас ямар ч мэдээлэл өгөөгүй шүү дээ. Хэрэг гарсан хаягаа хэлж өгөөч. Хэсгийн цагдаа мэдэж байж магадгүй.
Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм.
Засаг даргыг хүлээн зогсох зуур “Хүүхэд хамгаалал, Хамтарсан баг” гэсэн зурагт хуудас нүдэнд тусав. Хариуцлагагүй эцэг, эхчүүд, төр засаг, хүүхэд хамгаалал, хүчирхийлэл, архидалт... Бяцхан үрсийн халуун амь тасарсаар байгаад бухимдах бодол төрөхгүй байж чадахгүй байна...
БИД ХЭЗЭЭ ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ВЭ!?
Эх сурвалж: zindaa.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна