Шүүх эмнэлэг бэлгийн гэмт хэргийн үзлэгийн төлбөрт ₮10,000 хураадаг зохицуулалт хүчингүй болсон
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэд Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах эрхтэй.
Мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-аар бэлгийн гэмт хэргийн үзлэг хийхэд 10.000 төгрөг, гэмтлийн дараа тогтооход 8000 төгрөгийн төлбөр тогтоосон нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдний хуулийн хамгаалалт авах, хохирол, нөхөн төлбөрөө төлүүлэх боломжийг алдагдуулж, зарим тохиолдолд гэмт этгээдэд ял завших боломж олгож байсан.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Шүүхийн шинжилгээний байгууллага улсын төсвөөс санхүүжинэ” гэж заасан атал үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагааг нь үйлчилгээний төрөлд тооцож, төлбөр тогтоосон нь буруу гэж үзэж уг зохицуулалтыг хүчингүй болгуулахаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Улсын дээд шүүхээс бэлгийн үзлэгийн төлбөрт 10.000 төгрөг хураадаг зохицуулалтыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр бэлгийн Гэмт хэргийн хохирогчид шударга ёсыг хүртэх боломж дээшилж байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна