ЭМЯ-наас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 382 болсон бөгөөд яг одоо 61 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөн 165 хүн тандалт шинжилгээ хийлгэж байгаа бол ОХУ-ын 4 иргэн өөрийн хүсэлтээр нутаг буцсан” гэв.
Халдвар илэрсэн тохиолдлуудыг дэлгэрэнгүй танилцуулъя.
Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар авсан жолооч эхнэр, 1-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан.
Нийтдээ ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариу 13.00 цагийн орчимд гарна. ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой.
Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулаад эхэлсэн. Нийтдээ 1000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна. Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.
Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна