2020 онд болох жүдогийн бүх тэмцээнийг цуцалжээ
Олон улсын жүдогийн холбооны удирдах зөвлөлөөс 2020 он дуусталх бүх тэмцээнийг цуцлах шийдвэр өчигдөр гаргажээ. Ужигт халдварын улмаас саатаад байсан тэмцээнийг аравдугаар сард Унгарын Будапешт хотноо сэргээж, улмаар Хорватын Загребт үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан нь ийнхүү талаар боллоо. Цар тахлын улмаас улс орнуудын нөхцөл байдал хүндэрч, хорио цээрийн дэглэмд дахин шилжиж, тэмцээн, бэлтгэлийн заал танхимд орох аргагүйд хүрснээр ийм шийдвэр гарч байна.
Харин 2021 оны тэмцээний салхийг хагалж “Катар Мастерс”-аар эхлэх юм байна. Олон улсын жүдогийн холбооны тэргүүн Мариус Визер энэ тухайд “Хэцүү шийдвэр байлаа. Ялангуяа хэдхэн хоногийн өмнө Унгарт маш амжилттай тэмцээн болсны дараа ингэж шийдэхэд амар байгаагүй. Дэлхий дахинаараа цар тахлаас сэргийлэхийн төлөө бүх хүчээрээ анхаарч байгаа үед жүдогийн гэр бүл, тамирчдынхаа аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд тавилаа. Бид одоо нэгдүгээр сард болох “Мастерс” тэмцээнийг зохион явуулахад анхаарлаа төвлөрүүлнэ. Олимпын жилийн гарааг амжилттай эхлүүлж, эрхийн оноогоо биелүүлэхийн тулд бүх шилдэг жүдочид Дохад хуран чуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: www.ijf.org

Сэтгэгдэл бичигдээгүй байна