74 настай, халдвартай иргэний бэрийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
Админ
Өчигдөр 00 цаг 57 минут
Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон.
Тэгвэл тус иргэний гэр бүлийн хүн буюу хамт амьдардаг бэрийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрээр 35 настай иргэн бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, дэлгүүрүүдээр явсан, хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Тус тоглоомын талбайгаар үйлчлүүлсэн 67 хүүхдүүд мөн байгаа ба эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлжээ.
Иргэн амны хаалттай явсан хэмээн өгүүлж байгаа ч хяналтын камерт амны хаалтгүй явж байгаа дүр зургууд байгаа аж.
Тиймээс Дархан-Уул аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоон, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Аймгийн хэмжээнд өнөөдөр хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа 95 хувь болгон бууруулж, дэглэмийг улам чангатгана" хэмээсэн.

Сэтгэгдэл бичигдээгүй байна