Б.Ууганбаяр: Нийт хавьталтай 664 иргэнийг тусгаарлан ажиглаж байна
ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит мэдээллээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус газрын шуурхайн штабын мэдээллийг танилцууллаа.
Тэрээр, "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 тусгаарлан ажиглах байр ажиллаж, энд 1981 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс нийслэлд 26 байранд 1520, аймаг, орон нутаг дахь 13 байранд 461 иргэн байна. Хоёрт, ХӨСҮТ-ийн тандалт, судалгаагаар хавьталд орсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу УОК-ын Шуурхай штабаас өчигдөр орой ажиллагаа явуулж, 85 иргэнийг "Улаанбаатар" зочид буудалд тусгаарлаад байна.
Энэ мөчид 11 дүгээр сарын 13-наас хойш нийлбэр дүнгээр 664 хавьтлыг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс Улаанбаатар хотод 529, аймаг, орон нутагт 135 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Тусгаарлан ажиглах зөвлөмжийг ХӨСҮТ-өөс буюу мэргэжлийн байгууллагаас өгч байна.
Тусгаарлан ажиглах байруудад онцгой байдлын 61, цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийтдээ төрийн 344 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна