Д.Нарантуяа: Насанд хүрсэн иргэдийн 4 хувь нь л халдварт бус өвчнөөр өвдөхгүй байх магадлалтай

Админ
2020/11/22

Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 4 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөхгүй байх магадлалтай бөгөөд үлдсэн 96 хувь нь ямар нэгэн архаг суурь өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг эрдэмтэн судлаачид гаргажээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа УОК-ын шуурхай ажлын багийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Коронавирусний халдвар нь суурь, архаг өвчтэй хүмүүст хүнд тусдаг тул бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон нь хамгийн зөв алхам хэмээн үзэж буйгаа тэрбээр дурдсан юм. Тэрбээр, “Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоогүй бол 7 хоногийн дараа гэхэд халдвар авсан хүний тоо 500-700 цаашлаад 2000 хүрэх магадлалтай байлаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс давхардсан тоогоор 110 мянган хүнд шинжилгээ хийсэн. Мөн нийслэлд байгуулсан 18 цэгт 25 мянга гаруй иргэнд түргэн оношлуураар шинжилгээ хийлээ. Үүнд батлагдсан тохиолдлуудын ойрын 700 гаруй хүний шинжилгээ багтсан. Ойрын хавьтлуудын 30 орчим хувийг 2 дахь шинжилгээнд хамруулаад байна. Мөн 7000 гаруй дам хавьтлын дунд тандалт хийж байгаа. Цаашдаа тандалтын зураглалтай болсон тул хөл хориотой уян хатан байдлаар сулруулж болно гэсэн зөвлөгөөг УОК-т өгч байгаа. Гэхдээ хөл хориог бүр цуцлах бус, тодорхой цагийн хуваарийн дагуу зохицуулах ёстой” гэлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоосноос хойш хөл хориог 85 хувьтай хэрэгжүүлж байгааг Засгийн газрын Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна