Үр дүнтэй байдал нь нэмэгдэж буйг үнэлэх туршилт явуулахын тулд вакцинаа Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцинтай хослуулахыг Оросын “Спутник V”-г хөгжүүлэгчид санал болгожээ.
“AstraZeneca” компанийн вакцин одоогоор 62 хувийн үр дүнг харуулж байна. Тус компани эмнэлзүйн шинэ туршилт явуулна гэвэл бид үр дүнгээ нэмэгдүүлэхийн тулд вакцинуудаа хослуулахыг “AstraZeneca”-д санал болгож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Вакциныхаа үр дүнд эргэлзэж буйтай холбогдуулан нэмэлт туршилт явуулахаа “AstraZeneca” компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сорио өмнө нь мэдэгдсэн байна. Тус компани нь Оксфордын их сургуультай хамтран вакцин гарган авсан билээ.
Сайн дурын 20 мянган хүнд явуулсан Оксфордын их сургуулийн вакцины эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнг даваа гарагт нийтэлсэн билээ. Вакцин 70 хувийн үр дүн үзүүлснийг туршилтын дүн харуулсан юм. Сайн дурынханд “өндөр” тунгаар хоёр удаа вакцин хийхэд 62 хувийн үр дүн үзүүлсэн бол өндөр тунгийн дараа “бага” тунтай вакциныг тарихад 90 хувийн үр дүн үзүүлжээ.
Харин дэлхийн анхны коронавирусын вакцин “Спутник V”-г ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэн авсан юм. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, тус вакцин 95 хувийн үр дүн харуулсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, одоогоор дэлхийд коронавирусын вакциныг хөгжүүлэх 170 орчим төсөл хэрэгжиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна