Хүн амаа вакцинжуулах ажилд бэлтгэхийг Африкийн орнуудад уриалжээ

Админ
2020/12/02

Хүн амаа коронавирусын вакцинд хамруулах ажилд идэвхтэй бэлтгэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Африкийн орнуудад уриалжээ. “Африкийн орнуудын хүн амыг вакцинжуулах бэлтгэл ажил хангалтгүй байна. Одоогийн байдлаар тус тивийн орнуудын тал хүрэхгүй хувь нь хамгийн түрүүнд вакцин хийх иргэдээ тодорхойлсон бол дөрөвний нэг хүрэхгүй хувь нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө гаргажээ” гэж ДЭМБ-ын хэвлэлийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тиймээс бэлтгэл ажлыг яаралтай эрчимжүүлэх ёстой гэж ДЭМБ-ын Африкийн бүс нутгийг хариуцсан захирал Матшидисо Моети мэдэгдсэн байна. ДЭМБ коронавирусын вакцинжуулалтыг Африкийн түүхэн дэх дархлаажуулалтын хамгийн том аян болгохыг зорьж байгаа аж. ДЭМБ одоогоор Африкийн хүн амыг вакцинжуулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Ингэхдээ улс орнуудад вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах зорилгоор бий болгосон олон улсын COVAX механизмыг ашиглах юм. Уг механизмаар дамжуулан эхний ээлжид тус тивийн нийт хүн амын  20 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. ДЭМБ-ын тооцоолсноор, Африкийн хүн амыг вакцинжуулахад 5.7 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд тариур, вакцин хүргэх зардлыг нэмж тооцвол энэ хэмжээ 15-20 хувиар өсөх аж. ДЭМБ-ын бүс нутгийг хариуцсан товчооны мэдээлснээр, 11 дүгээр сарын 30-ны байдлаар Африкт халдвар авсан хүний тоо 2.16 сая давж, 51700 хүн нас баржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна