Дархан аймгийн онцгой комисс хуралдлаа

Админ
2020/12/04

Өнөөдөр 2020.12.03-ны өдрийн 18:00 цагт аймгийн Онцгой комисс хуралдлаа.

 Ковид19-ийн халдвар илэрсэн 44 иргэн УБ хотноо ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдгээр иргэдээс 6 хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүний биеийн байдал дунд зэрэг байна.

Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн лабораторид 239 хүнд PCR шинжилгээ, 484 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан байна.

Ажиглан тусгаарлах 10 байранд 269 хүн байна. Тэдний 210 нь том хүн, 59 нь хүүхэд юм. Гэрийн тусгаарлалтад 2363 хүн байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймаг руу 8 автобус, 1 хувийн тээврийн хэрэгслээр нийт 329 иргэнийг явууллаа. Ингэснээр Дарханд хөдөлгөөний хязгаарлалтад ороод байсан 1219 иргэнийг нутагт нь буцаагаад байна.

Өнөө орой Сэлэнгийн Зүүн хараагаас 21 иргэн Дарханд ирнэ. Тэднийг түргэвчилсэн тестээр шинжилгээнд хамруулж гэрт нь хүргэнэ.

Их дээд сургууль, коллежийн дотуур байранд байгаа Сэлэнгэ аймгийн 230 орчим оюутныг 2020 оны12 дугаар сарын 04-ний өглөө 09:00 цагт дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад нийтийн тээврийн хэрэгслээр буцаахаар боллоо.

Сэлэнгэ аймаг руу явахаар бүртгүүлсэн боловч хоцорсон, шинжилгээнд хамрагдаж чадаагүй үлдсэн тус аймгийн харьяат иргэдийг ЕБ-ын 16 дугаар сургуулийн байранд 2020.12.04-ний өдрийн 09:00-17:00 цагийн хугацаанд PCR шинжилгээнд хамруулна. Шинжилгэээний хариу гарсны дараа буюу 2020.12.05-нд тус иргэдийг Сэлэнгэ аймаг руу явуулахаар болов.

Энэ сарын 4, 5, 6, 7- ны өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай болон баруун 5 аймгаас хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг Дархан-Уул аймагт хүлээж авахаар болов. Иргэдэд Дархан-Уул аймгийн харьяат байх шаардлагыг тавьж байгаа юм. Үүнээс гадна Орхоноос ирэх иргэд PCR шинжилгээ, бусад 9 аймгаас ирэх иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавина.

Иргэдийг 12 дугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл хүлээж авна.

Дархан-Уул аймгаас УЛААНБААТАР явах иргэдийг www.Smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Орой 20:00 цагийн байдлаар 1071 хүн бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл 2020 оны 12 сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр өвлийн идэш бэлтгэх 144 иргэний хүсэлтийг бүртгэсэн байна. Дээрх хугацаанд нийт 1049 иргэн идшэнд явахаар зөвшөөрөл авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна