Соёлын хамгийн нөлөө бүхий үзэгдлээр “Black Lives Matter” хөдөлгөөнийг нэрлэжээ

Админ
2020/12/08

Их Британийн “ArtReview” сэтгүүлээс гаргасан энэ оны соёлын хамгийн нөлөө бүхий 100 үзэгдлийн жагсаалтыг “Black Lives Matter” хөдөлгөөн тэргүүлжээ.

Уламжлалт ёсоор энэ жагсаалтыг урлаг соёлын хөгжилд хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн эсвэл бүлэг хүмүүс тэргүүлдэг бол энэ жил анх удаа хөдөлгөөн тодорчээ.

“Black Lives Matter” хөдөлгөөн нь энэ жил соёлын ертөнцөд өөрчлөлтийн томоохон давлагаа үүсгэсэн. Тус хөдөлгөөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд шударга ёс тогтоох, соёлын парадигмын өөрчлөлтийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх бэлгэ тэмдэг болсон юм” хэмээн “ArtReview” сэтгүүл мэдээлжээ.

Америкийн цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг эхлүүлсэн нь соёлын үзэгдэлд огцом өөрчлөлтийг авчирч, томоохон байгууллага компаниуд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

Энэ хөдөлгөөн нь анх 2012 онд Алисия Гарза, Опал Томети, Патрисс Каллорс нарын санаачилгаар үүсжээ. “Black Lives Matter”-г дэмжигчид цагдаа нарын дур зоргоороо авирлах явдал хийгээд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдлийг эсэргүүцдэг. Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсаны дараа томоохон эсэргүүцэл дэгдсэн нь энэ онд “BLM” хөдөлгөөний нэр хүндийг шинэ түвшинд гаргасан юм.

Эх сурвалж: montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна