Эм, хүнсний харшилтай хүн “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэхгүй байхыг анхааруулжээ

Админ
2020/12/11

Их Британи улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг (MHRA) эм болон хүнсний харшилтай хүн “Pfizer-BioNTech" компанийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэхгүй байхыг анхааруулжээ. Өнгөрсөн мягмар гарагт (2020.12.08) Их Британи өндөр настан, корнавирусний эсрэг тэргүүн фронтод ажиллаж буй эмч, алба хаагчдаас эхлүүлэн хүн амаа вакцинжуулах кампанит ажлыг өрнүүлээд байна. Тус агентлагийн мэдэгдсэнээр, вакцинжуулалт эхэлснээс хойш харшлын анафилаксийн хариу урвалын хоёр тохиолдол болон харшлын урвалын болзошгүй нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс аливаа төрлийн вакцин, эм, хүнсний харшилтай хүн “Pfizer/BioNTech” компанийн коронавирусын эсрэг вакцин хийлгэхээс татгалзах ёстой гэж MHRA агентлагийн гүйцэтгэх захирал Жун Рейний мэдэгдэлд анхааруулжээ. “Ихэнх хүмүүст анафилаксийн буюу харшлын хариу урвал гардаггүй бөгөөд ард иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах давуу тал нь эрсдэлээс өндөр байна. Энэ вакцин нь MHRA аюулгүй байдал, чанар, үр дүнгийн стандартад бүрэн нийцэж байгаа” гэж тус мэдэгдэлд онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Их Британи нь АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакциныг хэрэгдэх зөвшөөрлийг олгосон анхны улс болсон бол АНУ, Европын Холбооны холбогдох агентлагууд вакцины мэдээлэл, өгөгдлийг шалгасаар байгаа юм. Их Британи улсын энэ мэдэгдлийн дараа АНУ асуудлын учир шалтгааныг олтол харшилтай хүмүүст “Pfizer” хийхгүй гэж мэдэгдсэн бол Канад Их Британид бүртгэгдсэн сөрөг нөлөөг авч үзнэ гээд  нэгэнт зөвшөөрөл олгосон вакцины талаарх шийдвэрээ өөрчлөхгүй гэж мэдэгджээ. “Pfizer” компанийн мэдээлснээр, вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь шатанд вакцинд харшилтай хүмүүсийг оруулаагүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна