Израиль улсад коронавирусын эсрэг вакцинжуулалт энэ сарын сүүлчээр эхэлнэ

Админ
2020/12/11

Израиль улсад коронавирусын эсрэг вакцинжуулалтыг 12 дугаар сарын сүүлчээр эхлүүлэх гэж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. "Бид вакцинжуулалтыг 12 дугаар сарын 27-ноос эхлүүлнэ. Бид өдөрт 60 мянган хүнд вакцин хийхээр бэлдэж байна" гэж Биньямин Нетаньяху твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр энэхүү кампанит ажлыг еврейн улсын хувьд "асар их ололт амжилт" гэж тодорхойлов. Шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа АНУ-ын “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцинаар иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байгааг Биньямин Нетаньяху лхагва гарагт мэдэгдсэн юм. Лхагва гарагт “Pfizer” компанийн вакцинаас 3-4 мянган тунг Брюссель хотоос Израилд авчирсан гэж “Times of Israel” сонинд мэдээлсэн бол “The Jerusalem Post” сонинд бичсэнээр, 100 мянга тун вакциныг Бен Гурион хотод хүргэсэн байна. Израиль улс “Pfizer” компанитай 8 сая тун вакцин худалдаж авахаар тохиролцсон тухай Нетаньяху 11 дүгээр сарын 13-нд мэдээлсэн бөгөөд энэ нь 4 сая хүнд хангалттай хүрэлцэх юм. Тус улс мөн өнгөрсөн зургаадугаар сард Америкийн “Moderna” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Түүнчлэн Иерусалим дахь "Хадасса" эрүүл мэндийн төв Оросын "Спутник V" вакцинаас 1.5 сая тунг захиалсан гэж “Haaretz” сонин 11 дүгээр сарын 5-нд мэдээлсэн байна. Тус төв Оросын вакциныг Израилд хэрэглэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж. Израиль улсын эрдэмтдийн гарган коронавирусын эсрэг авсан вакцины эмнэлзүйн туршилт 11 дүгээр сарын 1-нд эхэлсэн байна. Тус улсад коронавирусын халдвар авсан нийт хүний тоо 348968 хүрч, 2932 хүн нас баржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна