Захиалсан вакциныг хүн амын тоотой нь харьцуулсан үзүүлэлтээр Канад улс тэргүүлж байна
Хүн амтай нь харьцуулбал Европын орнууд хамгийн их вакцин захиалсныг “Bloomberg”-ийн тооцоолол харуулж байна. Тухайлбал: Европын 27 улс хүн амынхаа тооноос давуулж вакцины захиалга өгөөд байгаа аж.
Вакцин хөгжүүлэлтээр тэргүүлж буй АНУ вакцины захиалгаараа 32 дугаарт бичигдсэн нь анхаарал татаж байгаа юм. Харин хүн амынхаа тооноос хэд дахин давуулж захиалга өгсөн хэд хэдэн орон байгаа нь Канад, Их Британи, Австрали улс багтаж байна.
Канадын Эрүүл мэндийн зохицуулах байгууллага “Pfizer”-ийн вакциныг бүртгэж, зөвшөөрөл олгоод байгаа юм. Ирэх даваа гараг гэхэд 30 мянган тун вакцин хүлээн авах магадлалтай байгааг тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ.
Хүн амаа вакцинжуулж эхлээд удаагүй байгаа Их Британид хоёр ч хүнд коронавирусын вакцин харшил өгсөн ч биеийн байдал нь сайжирч байгаа аж. Үүний дараа хүнд хэлбэрийн харшилтай хүмүүсийг вакцин хийлгэхгүй байхыг Их Британийн холбогдох албаныхан зөвлөжээ. Энэ нь нэг талаас хүмүүсийн вакцинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид онцолж байна. Францад гэхэд иргэдийнх нь талаас илүү хувь нь вакцин хийлгэх хүсэлгүй байгаа талаар судалгаа гарчээ. Эммануэль Макроныг эсэргүүцэгчид дунд вакциныг шүүмжлэгчид олон байгаа нь вакцинд итгэх итгэлийг бууруулж байгааг “Elabe”-ийн судалгаанд онцолсон байна.
Үүнээс гадна коронавирусын халдварын хоёрдугаар давлагааны улмаас Европын зарим улс хөл хориогоо дахин чангатгалаа. Тухайлбал: Люксембург улсад ирэх сарын 15-ны өдөр хүртэл хэсэгчилсэн хөл хориог сунгажээ. Энэ хугацаанд ресторан, кафенууд хаалттай хэвээр байх бөгөөд хүмүүс гэртээ хоёроос дээш хүн урихгүй байхыг зөвлөж байгаа юм байна.
“Pfizer”-ийн Европын зохицуулах байгууллагад илгээсэн мэдээллүүдэд хакерууд нэвтэрч, ил болгосон талаар тус компани мэдээлээд байна. Хэдий тийм боловч энэ нь вакцинтай холбоотой үйл явцад нөлөөлөхгүй гэж “Pfizer”, “BioNTech” компаниуд байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусын халдвар авсан 69.2 сая, эндсэн 1.5 сая тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл бичигдээгүй байна