Эмэгтэй хүн ээж болсноороо “Хүүхдээ хараад гэртээ суух уу? Эсвэл ажлаа хийх үү?“ гэдэг хүнд сонголттой тулгардаг. Гэрлэсэн эмэгтэйчүүдийг хань нөхрөө дэмжих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд амьдралынхаа ихэнх цагийг зарцуулах ёстой гэсэн нийгмийн хүлээлт бий. Эмэгтэй хүний энэхүү жендэрийн үүрэг хуваарилалт нь гэр орны ажил, гэр бүлээ асран халамжлах үүрэг хариуцлага болдог нь жендэрийн тэгш бус байдлыг бий болгодог. Аль алийг нь амжуулахад амархан биш нөхцөл байдалд олон эмэгтэй ажил хөдөлмөр эрхэлж байна.
Судалгаагаар, сүүлийн арван жилд Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 65-аас 52 хувь хүртэл буурчээ. Харин эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2018 онд 70 хувь хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт юм. Ажиллах хүчний жендэрийн энэхүү ялгаа нь ужиг шинжтэй болж, сүүлийн хоёр жилд зөрүү нь нэмэгдсээр байна. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэхгүй байна уу эсвэл хүссэн ч чадахгүй байна уу? Үүний гол шалтгаан нь хүүхэд асрах хүнгүйгээс болсон гэж судалгаанд оролцсон ээжүүд хариулсан байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурсаар байгаа нь тэдэнд дараах хүндрэлтэй асуудлууд тулгардагтай холбоотой. Тухайлбал, цэцэрлэг, яслийн хүртээмжгүй байдал, цагийн хуваарь нь ажлын цагтай нь тохирдоггүй, хүүхэд асрах үйлчилгээний чанар муу, хүртээмж хангалтгүй, ажлын цагийн хангалттай уян хатан биш байдал зэргээс шалтгаалан ажил эрхлэхэд саад болдог хэмээн ихэнхи эмэгтэйчүүд үзжээ.
Ажилдаа ороход би маш олон зүйлээс хоцорчихсон мэт санагдсан. Хуучин ажлын хэмнэлдээ ороход надад мэдээж хугацаа хэрэгтэй байсан ч хүмүүсийн хүлээлт илүү өндөр санагдсан тул би өөрийгөө бусдаас илүү шахаж шаардаж, илүү цагаар ажиллах хэрэгтэй болсон тул ар гэрийн амьдралаа зохицуулахад хүндрэл үүсч стрессдэж эхэлсэн".
Эмэгтэйчүүд санхүүгийн хувьд хараат бус байх, нийгэмтэйгээ харилцах, ажил мэргэжил, ур чадварын хувьд туршлага хуримтлуулж, үнэлэгдэх гэх мэт хэрэгцээ шаардлагын улмаас ажиллах сонирхолтой байдаг. Хүүхэд харах чөлөөнөөс ажилдаа эргэн орж буй эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн санхүүгийн хүчин зүйлсээр төдийгүй цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж, нийгэм хамт олны хүрээнд орж, нийгэмших нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хувь хүний хувьд хөгжил дэвшилд хүргэдэг ба энэ нь эргээд хүүхдийн хүмүүжилд ч эерэг нөлөөтэй гэж судлаачид үздэг.
Хүүхдээ асрахыг ажил эрхлэхтэй хослуулах эрмэлзэл эмэгтэйчүүдийн дунд хүчтэй болж байгаа хэдий ч, ажилдаа эргэн орох нь амар биш аж. Хүүхэд асрах чөлөөнөөс эргэн ажилдаа орж буй ажилтнуудад мөн олон бэрхшээлүүд тохиолддог. Тэд өөртөө итгэлгүй, айдастай байх, хуучин хамтран ажиллагсад нь солигдсон байх, шинэ даргатайгаа учраа олох эсвэл хуучин даргатайгаа харилцаа холбоогоо эргэн сайжруулах, улмаар гэр бүл, ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн олох гэх мэт олон асуудлуудтай нүүр тулдаг.
Хүүхэд асрах чөлөө авсан ээжүүдийн сэтгэгдэл
Иргэн Ц. “Би гэртээ хүүхдээ асарч байгаад буцаад ажилдаа орох гэтэл чиний ажлын байр одоохондоо байхгүй байна. Хэрвээ яг одоо ормоор байгаа бол албан тушаал буурсан ажлын байр бий гэсэн. Мэдээж дагаад миний цалин буурсан“.
Би төрийн байгууллагад ажилладаг. Ажилдаа ороход хамт ажилладаг бүх хүмүүсийг маань сольсон байсан. Ажилдаа эргэн зохицох, шинэ хүмүүстэйгээ учраа ололцох гээд давхар давхар сорилтуудтай тулгарсан. Ажилдаа удаан хугацааны дараа эргэн орж буй хүнд баг хамт олны дэмжлэг их хэрэгтэй юм байна гэж бодсон.
Иргэн А. “Олон жил гэртээ зөвхөн хүүхэдтэйгээ харилцаж байсан болохоор ажилдаа эргэн орохдоо маш их баяртай байсан. Гэвч хамт олны маань уур амьсгал надад тийм ч сайхан сэтгэгдэл авчраагүй. Бага насны хүүхэдтэй надад ажлын ачаалал өндөр байсан бөгөөд ажил дээр зохиогдох бүх үйл явдалд оролцох боломжгүй байдаг. Үүнээс болоод бусдаас гадуурхагдсан мэт мэдрэмж төрсөн“.
Иргэн О. “Би төрийн байгууллагад ажилладаг. Ажилдаа ороход хамт ажилладаг бүх хүмүүсийг маань сольсон байсан. Ажилдаа эргэн зохицох, шинэ хүмүүстэйгээ учраа ололцох гээд давхар давхар сорилтуудтай тулгарсан. Ажилдаа удаан хугацааны дараа эргэн орж буй хүнд баг хамт олны дэмжлэг их хэрэгтэй юм байна гэж бодсон“.
Иргэн У. “Би ажилдаа хурдхан орох сонирхолтой. Эдийн засгийн хувьд ч, хувь хүний хувьд ч албан тушаал ахих, мэдлэг туршлагаа нэмэхэд аль ч талаараа надад маш чухал. Гэтэл албан байгууллага маань ажлын цагийн уян хатан нөхцөлгүй, хагас цагаар ажиллах боломжгүй, хийснээрээ үнэлэгдэж, гэрээр ажиллах боломж олгодоггүй. Иймд би хүүхдээ цэцэрлэгийн нас хүртэл нь гэртээ суухаас аргагүй.“
Иргэн Л. “Ажилдаа ороход би маш олон зүйлээс хоцорчихсон мэт санагдсан. Хуучин ажлын хэмнэлдээ ороход надад мэдээж хугацаа хэрэгтэй байсан ч хүмүүсийн хүлээлт илүү өндөр санагдсан тул би өөрийгөө бусдаас илүү шахаж шаардаж, илүү цагаар ажиллах хэрэгтэй болсон тул ар гэрийн амьдралаа зохицуулахад хүндрэл үүсч стрессдэж эхэлсэн".
Аливаа байгууллага ажилтнуудынхаа ар гэрийн асуудлыг анхаарч үзэж, ажиллах нөхцөл байдалд нь тохируулснаараа эргээд бүтээмжийг нь дээшлүүлж, амжилттай ажиллах суурийг тавьж өгдөг. Эмэгтэйчүүд олноор хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засгийн хувьд баталгаатай орлоготой болсноор эрэгтэйчүүдийн нуруун дээрх ачаалал багасах, жендэрийн тэнцвэртэй байдал хангагдах гэх мэт өндөр ач холбогдолттой юм.
Герман, Австрали, Англи улсуудад хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж буй ажилчдад тулгарч буй асуудлуудыг байгууллагын удирдлага, хүний нөөцийн албанаас хэрхэн анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл, зөвлөгөөг хөдөлмөрийн эрх зүйч Ц.Уянга тоймлон өгч байна.
Манай ажил олгогчдын хувьд хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж буй ажилтнуудаа ур чадвараа бүрэн ашиглаж, өндөр бүтээмжтэй, сэтгэл дүүрэн ажиллахад нь дэмжлэг үзүүлж, дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой:
1.Байнгын холбоотой байх
Хүүхэд асрах чөлөөнд буй эцэг, эхчүүдийг чөлөөнд байх хугацаанд нь байгууллагын хөгжил, өөрчлөлт, ажилтнуудтай холбоотой мэдээллийг байгууллагын сонин сэтгүүлээр эсвэл цахим шуудангаар дамжуулан хүргэх, чухал хурал, цуглаанд оролцуулах, шинэ жилийн баярт урих гэх мэт.
2.Ур чадварыг нь дээшлүүлэх
Хүүхэд харах хугацааг нь ашиглан ур чадвар нэмэгдүүлэх, сайжруулах богино эсвэл хагас цагийн сургалтад хамруулах гэх мэт.
3.Ажилдаа эргэн дасан зохицох үйл явцыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх
Ялангуяа удаан хугацаагаар завсардсан ажилчдадаа зориулан хөтөлбөр гаргах болсон нь (returnship program) үр дүнтэй байгаа ба дасгалжуулалт (coaching), сургалт (дутагдаж буй ур чадвар олгох) зохион байгуулах зэрэг арга хэмжээг мөн авч хэрэгжүүлж буй нь өгөөжтэй байна.
4.Гэр бүлийг хүндэтгэсэн, дэмжсэн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, ажлын байр бүрдүүлэх
Тухайлбал, эцэг эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авахтай нь давхцуулан өглөө эрт эсвэл ажил тарах үед хурал зарлахгүй байх. Мөн яаралтай үед ашиглаж болох хүүхэд саатуулах өрөөг бий болгох.
Манай зарим байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болох хандлага нэмэгдэж байгаа нь уг байгууллагыг илүү өрсөлдөхүйц болгож байгаа бөгөөд цаашид ажил олгогчдод төрөөс татаас өгөх замаар (Германы жишээ) эл арга хэмжээг дэмжвэл оролцогч бүх талд ашигтай хувилбар болно. Манай улсад маш их эрэлттэй байдаг өдөр өнжүүлэх үйлчилгээг ч энэ зарчмаар байгууллагын дэргэд үүсгэх боломж бий.
5.Уян хатан цагийн горимоор эсвэл хагас цагаар ажиллах боломж олгох
Жишээлбэл: ажилдаа буцаж орохдоо долоо хоногийн 3 өдөр ажиллах ба аажмаар 4, 5 өдөр болгон ихэсгэх эсвэл гэрээсээ ажиллаж болох боломжтой ажлын байр луу шилжүүлэх хувилбарыг ажилтантай ярилцах
Ажилдаа эргэн орж буй эцэг, эхчүүд ч бас ажилдаа анхаарлаа бүрэн хандуулах, өндөр бүтээмжтэй ажиллах, сэтгэл хангалуун байх тал дээр өөрийн зүгээс хийх боломжтой алхмууд бий. Үүний заримаас дурьдвал:
1.Ажлын ачааллаа бага багаар нэмэгдүүлэх
Ажилдаа орсон эхний хэдэн долоо хоногтоо хэт их сэтгэл хөдлөлөөр ажилдаа хандаж, дэндүү амбицлаг ажил төлөвлөхгүй байх.
2.Өөрийгөө хүүхэд асрах чөлөөнөөс өмнөх байсан шигээ төсөөлөх бус харин энэ хооронд хэрхэн өөрчлөгдсөнөө ажилдаа эерэгээр ашиглах
Тухайлбал, олон зүйлийг зэрэг хийх, зохион байгуулах гэх мэт хүүхэд харах үед сайжирсан, шинээр сурсан чадвараа ажлын байрандаа ашиглахад анхаарах
4.Хүүхдээ асрагчтай нь эсвэл цэцэрлэгтээ дассаны дараа ажилдаа эргэж орох
5.Өөрийн хэрэгцээ, хүлээлт, бололцооны талаар даргатайгаа илэн далангүй ярилцах
6.Хамт олондоо өөрийн гэр бүлтэй холбоотой шаардлагыг нээлттэй хэлэх
Тухайлбал: 6:00 цагт ажлаасаа гарах хэрэгтэй учир 5:50 цагаас хойш чухал ажлын талаар ярихгүй байх гэх мэт.
Нийгэмд гарч буй бас нэгэн чухал өөрчлөлт бол зөвхөн эхчүүд биш аавуудын хүүхдэдээ анхаарал халамж тавих үүрэг нэмэгдсэн. Зарим өндөр хөгжилтэй оронд эцэг хүнд энэ эрхийг хуульчлан олгосон ба хүүхдээ асрахыг тодорхой хугацаанд үүрэг болгон хуульчлан тогтоосон байна. Ингэснээр эцэг эхэд хэн нь хүүхдээ асрах вэ гэдэг дээр сонголтын хувилбар нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинд эерэгээр нөлөөлжээ.
Эмэгтэй ажилтнуудад нийтлэг тулгардаг эл асуудлыг ажил олгогчдын зүгээс хайхарч үзэхгүй бол энэ нь эргээд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин дутагдах, улмаар жендэрийн тэгш бус байдал үүсэх сөрөг нөлөөтэй.
эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл бичигдээгүй байна