Pornhub сайт бичлэгүүдийнхээ 80 хувийг 'устгажээ'

Админ
2020/12/17

Порно бичлэг түгээдэг Pornhub сайт нийт бичлэгийнхээ 80 хувь буюу 10 сая гаруй бичлэгийг буцаан татсан тухай мэдэгдлээ. Сүүлийн үед үүссэн дуулианаас үүдэн Pornhub ийнхүү нийтлэлийнхээ бодлогод томоохон өөрчлөлт оруулж байгаа аж. "Баталгаажаагүй бичлэг тавигчдыг хориглох бодлогын хүрээнд бид Model Program-ийн гишүүн болон хамтрагчдын бүтээсэн бичлэгээс бусад бүх контентыг буцаан татахаар шийдлээ" хэмээн тус сайтын мэдэгдэлд дурджээ. Сард 3.5 тэрбум хүн зочилдог Pornhub сайтад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл (CSAM), хүчин, өш хонзонгийн агуулгатай порнографик бичлэг, нууц камераар бичсэн бичлэг зэрэг хууль бус контентууд олноороо байршиж байгаа тухай Николас Кристофын нийтлэл арванхоёрдугаар сарын 4-нд Нью-Йорк Таймст гарчээ. Уг нийтлэл гарсны дараа Visa, Mastercard шалгалт явуулж эхэлсэн бөгөөд удалгүй эдгээр картыг ашиглан Pornhub сайтын төлбөр тооцоог хийхийг хориглосон тухай мэдэгджээ. Одоогоор Internet Watch Foundation байгууллагаас олж тогтоосноор хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн агуулга бүхий 118 зөрчил Pornhub сайтад илрээд байна. Дашрамд дурдахад, насанд хүрэгчдэд зориулсан контентын салбарт зонхилж буй Pornhub сайт нь 2007 онд нээгдсэн бөгөөд Redtube, YouPorn, Brazzers, Reality Kings гэх мэт олон сайт, брэнд эзэмшдэг MindGeek толгой компанийн бүрэлдэхүүнд багтдаг аж. Саяхныг хүртэл дурын хэрэглэгч тус сайтад бичлэг байршуулах боломжтой байжээ. Тиймээс бусад сайтаас хулгайлсан, зохиогчийн эрхийг зөрчсөн порно бичлэг, уран сайхны кино, тоглоом, мюзикл хүртэл Pornhub сайтад байршиж байв. Харин энэ долоо хоногоос эхлэн тус сайт нийтлэлийн бодлогоо өөрчилж, сайтад орж буй контентуудад цензур тогтоохоор болоод буй. Гэсэн ч энэ нь одоо үүсээд байгаа хүчирхийллийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Эх сурвалж: Buzzfeed News


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна