Унтлагын хувцастайгаа ажиллах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ
Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн биед эвтэйхэн, тухтай өмсөхийг хүсдэг. Нүүрээ будахгүй, үсээ янзлахгүй, албаны хувцас өмсөхгүйгээр ажиллах нь олон хүнд сайхан санагдаж мэдэх юм. Гэвч хүссэн хувцсаа тэр дундаа унтлагын хувцастайгаа ажиллах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тийм ч таатай биш аж.
Саяхан Вулкокын Анагаах Ухааны Судалгааны Хүрээлэн, Сиднейн Технологийн Их Сургууль, Сиднейн Их Сургуулийн хамтарсан сонирхолтой судалгааны үр дүн гарчээ. Энэ судалгаагаар унтлагын хувцастайгаа ажиллах нь хүний бүтээмж болон сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулахыг зорьжээ.
Сонирхолтой нь, судалгаанд оролцогчдын 41 хувь нь гэрээсээ ажилладаг болсноор бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол 30 орчим хувь нь сэтгэл зүйн эрүүл мэнд муудсан гэж хариулжээ. Түүнчлэн долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр унтлагын хувцастайгаа ажилладаг гэж хариулсан хүмүүсийн 59 хувь нь гэрээс ажиллах явцад сэтгэл зүйн байдал нь доройтсон гэжээ.
"Унтлагын хувцас өмсөх нь сэтгэцийн эрүүл мэндийн доройтох шалтгаан болсон уу эсвэл түүний үр дагавар байсан уу гэдгийг бид хараахан тогтоогоогүй байна. Гэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд хийсэн ажиглалтаар танин мэдэхүйн болон сэтгэцийн эрүүл мэндэд хувцасны үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж байна. Өвчтөнүүдийг өдөр тутамдаа энгийн хувцас өмсөхийг зөвлөснөөр тэдний сэтгэл зүйн хямрал буурч байгаа нь ажиглагдсан. Тиймээс өглөө ажлаа эхлэхээс өмнө унтлагын хувцсаа солих нь COVID-19-ийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхой хэмжээгээр буруулна" гэж судалгаанд бичжээ.
Мөн хүмүүс гэрийнхээ аль хэсэг суун ажиллаж байгааг тодруулахад 42 хувь нь гал тогоо эсвэл хоолны ширээнд суун ажиллаж байна гэж хариулсан бол 3 хувь нь угаалгын өрөөнөөсөө ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Vice

Сэтгэгдэл бичигдээгүй байна