Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26,129 зөрчлийг илрүүлж 26,129 гэр бүлд учирч болзошгүй хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Мөн хугацаанд 1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүн амиа алдсан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Энэ дагуу нийт 20,867 жолооч, дээрх үйлдлийг давтан гаргасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтаар нийт 6,478 жолооч, үүнээс нийслэлд 1,236 буюу 19 хувь бүртгэгдэн шийтгүүлжээ.
Эрхээ хасуулах шийтгэл авсан жолооч нарын 2,819, баривчлах шийтгэл авсан жолооч нарын 288 эмэгтэй жолооч байна гэж
Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна