Нийгэмд санаа зовоосон, сөрөг мэдээллүүд элбэг болсон энэ үед эерэг, гэгээлэг мэдээлэл хэзээ хэзээнээсээ илүү бидэнд хэрэгтэй байгаа билээ. UBLIFE энэ долоо хоногт болсон "нааштай" үйл явдлуудын сайн мэдээнүүдийг уншигч танд товчлон хүргэж байна.
1. 16 настай шатрын их мастер төрлөө
Нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч, шатрын ОУХМ Д.Батсүрэн Дэлхийн шатрын холбооны 91 дэх конгрессоос Их мастер цол хүртэж, Монгол Улсын хамгийн залуу их мастер болж, улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Ийнхүү тэрээр Монгол Улсын 8 дахь эрэгтэй их мастер цолтой тамирчин болж буй юм. Шинэ их мастерт баяр хүргэе!
2.Төв талбайн сүлд модны гэрлийн асаав
2020 онд дэлхий даяар цар тахал үргэлжлэн тохиож, олон улс оронд хөл хорио, хязгаарлалт тогтоон, хүмүүс зул сар, шинэ жилийн баяраа тэмдэглэж чадахгүйд хүрч буй билээ. Гэсэн хэдий ч нийтээр тулгараад буй бэрхшээлийг хамтдаа давахыг бэлгэдэн, хүн төрөлхтөн хамтдаа баяр хөөртэй, эв нэгдэлтэй байхыг уриалж хаа сайгүй гацуур модоо зассаар байгаа билээ. Бид яахин хоцрох билээ. Төв талбайн сүлд модоо сүндэрлүүлчихлээ.
3. Бөөрний чулууг лазераар эмчлэх боломжтой боллоо
Монгол улсад бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол лазераар эмчлэх боломж нээгдэн, эрүүл мэндийн салбарт нэгэн том ахиц гарлаа. УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубийн санаачилгаар, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Анагаахын салбарын хөрөнгө оруулалт, дэвшил гэдэг бол олон мянган хүний амь насыг авран, туслахтай агаар нэг үйл явдал билээ.
4. Л.Өлзийтөгсийн шинэ роман хэвлэгджээ
Зохиол бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа ямар ч сурталчилгаагүй борлуулагддаг, уншигчдын үргэлжийн хүсэл хүлээлтийн эзэн болдог зохиолч бол Л.Өлзийтөгс юм. Тиймээс түүний хоёрын хоёр боть шинэ роман гарлаа гэдэг нь сайхан мэдээ байхаас аргагүй юм.
5. Эрчим хүчний ачаалал буцаад буурлаа
Аж ахуй нэгж, иргэдийн цахилгааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр Засгийн газар гаргасны дараа эрчим хүчний ачаалал огцом нэмэгдэж, эрсдэлт нөхцөл байдал учруулж магадгүй боллоо хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл Эрчим хүчний яамнаас журам гарган, цахилгааны илүү төлөлтийг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хариуцах зохицуулалт хийснээр эрчим хүчний хэрэглээ 50-75 мВт-аар буурчээ. Энэ нь нийт айл өрхийн цахилгаан зарцуулалт 5-10 хувиар буурсан гэсэн үг юм.
6. Ханиад томуу багасч, бусад халварт өвчний тохиолдол буурсан үзүүлэлттэй байна
Иргэд амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг сахиснаар коронавирусээс гадна бусад төрлийн вирусийн халдвар тархаалтыг багасгаж байгаа нь сайшаалтай байна. Судалгаагаар томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 1.6%-ийг эзэлсэн нь өмнөх оны энэ үеэс 6.5%, сүүлийн 3 жилийн дунджаас 4.9% бага байна. Хэрэв халдвар хамгааллын дэглэмийг хэвшил болгож чадвал салхин цэцэг, сүрьеэ, гар хөл амны өвчин гэх мэт олон төрлийн халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой юм шүү.

эх сурвалж: ub.life
Сэтгэгдэл бичигдээгүй байна