Хүний эрхийг хамгаалагчдын эрх хуулийн хамгаалалтгүйгээс зөрчигдөж байна

Админ
20 цаг 31 минутын өмнө

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгийг бэлтгэхээр болсон байна.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид хэлэхдээ “Хүний эрх хамгаалагчийг утсаар залгаж дарамтлах, гэр бүл, үр хүүхэд хамт ажилладаг орчинд нь таагүй байдал үүсгэдэг. Бүр амь насанд нь заналхийлэх тохиолдол ч гарсан байна. Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлыг хамгаалбал айдасгүй ажиллаж, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх  боломж бүрдэж байгаа юм” гэв.

Хүний эрхийг хамгаалагчдад хуулийн хамгаалалт байхгүйгээс олон удаа дарамт шахалтад өртөж байсан нөхцөл байдалд үндэслэн ХЭҮК-оос Хүний эрхийг хамгаалагчийн талаарх хуулийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан байна. Үүнд хүний эрх хамгаалагчийг төрийн байгууллага дэмжиж, хамтран ажиллах, эрхийг нь хамгаалах асуудлыг тусгах ажээ.

ХЭҮК-оос хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар хүний эрхийг хамгаалагчид өөрсдөө хохирох эрсдэлд орж байна гэсэн дүн гарчээ.  Шүүгч, прокурор, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 1375 хүнийг судалгаанд хамруулахад тэдний 38 хувь нь сэтгэл санааны дарамт, заналхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагдах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна