Энэ онд 1.2 сая хүүхдэд 957.5 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгожээ

Админ
20 цаг 26 минутын өмнө

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 149.2 (6.0 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Үүнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний (ҮОМШӨ) даатгалын сангийн орлого 59.6 (31.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.

Нийгмийн даатгалын сангийн зарлага оны эхний 11 сард 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 597.7 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 305.0 (18.2 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 303.9 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Ажилгүйдлийн даатгалын сангаас дээрх хугацаанд 19.4 мянган хүнд 45.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 1791 (8.4 хувь) хүнээр цөөрч, олгосон тэтгэмжийн хэмжээ 6.3 (15.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Цар тахлын улмаас орлого нь багассан төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байгаа болон сайн дураар даатгуулагчдад энэ оны 7 дугаар сараас сар бүр 200.0 мянган төгрөг олгож, эхний 11 сард 220.8 мянган даатгуулагчид (давхардсан тоогоор) 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээлснээр нийгмийн халамжийн сангаас оны эхний 11 сард 2.5 (давхардсан тоогоор) сая хүнд 1.4 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 260.6 (11.7 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 834.8 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Засгийн газраас халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг нэмж 288.0 мянга, хүүхдийн мөнгөний 100.0 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг хэрэгтэй хүүхдэд 16.0 мянга, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 184.2 (18.4 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 748.2 тэрбум (4.6 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний 11 сард 58.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 108 (0.2 хувь) хүнээр цөөрч, олгосон тэтгэврийн хэмжээ 46.2 (45.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Эдгээрийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 26.1 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.4 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байлаа.

Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 11 сард 118.0 мянган хүн хамрагдсаны 53.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 46.8 хувь нь онцгой тохиолдол, мөнгөн тэтгэмжид хамрагджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 11 сард 88.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 19.8 (28.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 957.5 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оны эхний 11 сард олгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна