Нийслэлд ирэх сарын 6 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн тогтооно

Админ
21 цаг 32 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотод энэ сарын 23-наас ирэх сарын 6-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн тогтоох шийдвэр гаргажээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ ЭМЯ, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачид, ХӨСҮТ-ийн саналыг үндэслэсэн гэдгийг онцлов. Мөн шийдвэр гаргахдаа хөдөө орон нутаг руу явсан иргэдийг нийслэлд эргэж ирэх боломжийг хангах үүднээс энэ сарын 23-ны 06.00 цагаас хэрэгжүүлэх болсныг дурдсан юм. Тэрбээр, “Засгийн газар цар тахал гарснаас хойш иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Тиймээс голомтыг хумих, тархалтыг зогсоох, эрүүл мэндийн салбарын ачааллыг хэтрүүлэхгүй байх стратеги барьж байгаа. Баянзүрх дүүрэгт голомтолж гарч байгаа халдвар өдөрт 20-30 хүнд илэрч байна. Хэдийгээр ойрын болон дам хавьтлын хүмүүсээс илэрч байгаа. Гэхдээ энэ сарын 11-15-нд эмнэлгээс гарсан хүмүүст халдвар илэрсэн. Энэ хүмүүс иргэдийн дунд байсан учраас халдвар тархах эрсдэл өсөж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. Дэлхийн 192 оронд хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Ялангуяа Англид мутацид орсон коронавирус илэрсэн. Шинэ жилийн баярын үеэр олон хүн цугларч, халдвар тархах эрсдэл нэмэгдэх тул олон орон хөл хорио тогтоож байгаа. Монгол Улсын хувьд нийтээр Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй ч иргэдийн хөл хөдөлгөөн тодорхой хэмжээгээр нэмэгдэх тул эрсдэл өсөж магадгүй гэж дээрх шийдвэрийг гаргаж байна” гэлээ. Өмнөх бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 13 салбар хэвийн ажиллаж байсан. Харин энэ удаад 15 салбар хязгаарлалтгүй ажиллах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна