Тусгаарлах байрны хүрэлцээ муудаж буй тул гадаадаас иргэдээ авах боломжгүй болж байна
Админ
18 цаг 26 минутын өмнө
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар болон танхимын гишүүд өнөөдөр олон нийтэд танилцуулав. Энэ үер сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тусгаарлах байрны хүрэлцээ хангалттай юу?
Я.Содбаатар: Тусгаарлах байрны хүрэлцээ муу байна. Зуны улиралд бид 100 гаруй байранд иргэдийг хүлээн авч байсан. Харин өвлийн улирал эхэлсний дараа Улаанбаатар хотоос гадна байдаг тусгаарлах байрууд ажиллахад хүндрэлтэй болж байгаа. Бид дотоодын халдварын нөхцөл байдал харьцангуй боломжтой байгаа гэж үзээд гадаадад байгаа иргэдээ татан авах тусгай нислэг үйлдэж, 500 гаруй хүнээ авсан. Харин одооноос халдварын ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах байрны хүрэлцээ муудаж буй тул гадаадаас иргэдээ авах боломжгүй болж байна. Дотоодын нөхцөл байдал гайгүй болбол иргэдээ татан авах болно. Нэг өрөөнд нэг иргэн, нэг өрөөнд нэг айл гэсэн зарчмаар журамлан тусгаарлана. Түүнчлэн бүх тусгаарлах байранд камертай байх, нэг нислэгээр ирсэн иргэдийг 1-2 буудалд буулгах, өрөөнөөс гарах хөдөлгөөн үйлдвэл зарлан мэдээлдэг байх зэрэг шалгуур тавьсан. Энэ дагуу тусгаарлах байруудыг шинээр тоноглох, хөрөнгө оруулалт татах ажил хийж байна.
-Хувьсалд орсон шинэ вирус Англид бүртгэгдсэн. Манайд бүртгэгдсэн коронавирус анх БНХАУ-д дэгдсэн вирустэй ижил үү?
Т.Мөнхсайхан: Манай улс одоогоор вирусний генийн дарааллыг тогтоохгүй байгаа.
-Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөр дүүргийн иргэн хэвтэн эмчлүүлж байсан тухай мэдээлэл бий. Энэ нь бусад дүүрэгт халдвар тархах эрсдэл үүсгэх үү?
Т.Мөнхсайхан: Дүүргийн эмнэлгүүд бол нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг гэж явдаг. Энэ дотроо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг бол олон жилийн өмнө хувьчлагдсан. Тиймээс энэ эмнэлэг харьяаны хүмүүсээ авах уу, өөр дүүргийн улсуудыг авах уу гэдгийг өөрсдөө шийдвэрлэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнээс гадна сахиурууд бий. Зөвхөн тухайн дүүргийн иргэн өвчтөнийг сахина гэдэг ойлголт байхгүй. Бүх эмнэлэгт халдвар илрэх эрсдэлтэй гэж тооцож, бүх хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс шинжилгээ авч байсан. Шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлаад, PCR шинжилгээнд үндэслэн хэвтүүлдэг. Төрийн өмчийн эмнэлгүүдэд эргэлтийг хязгаарласан байгаа.
-Хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллах уу?
-Хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэйд тооцогдож байгаа тул энэ удаад ажиллуулахгүй.
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 14 хоногийн хугацаанд тархалтыг хумих боломжтой юу?
Т.Мөнхсайхан: Сүүлийн халдвар илэрснээс хойш нууц үеийн хугацаа дуустал буюу 14 хоног байхаар тооцсон. Энэ хугацаанд халдварын голомтыг бүрэн хумина гэж хэлэх ямар ч боломжгүй. Халдвар цаашид ямар хэмжээнд тархсан бэ гэдгийг тогтоож байж хөл хориог дуусгах эсэхийг шийднэ.
-Нарийн ногоо, өндөг хомсдож байгаа тухай мэдээлэл бий. Мөн Шинэ жилийн баяр ойртож байгаа тул иргэдийн хүнсний хэрэглээ өснө. Ер нь, хүнсний хангамж ямар байгаа вэ?
З.Мэндсайхан: Улсын хэмжээнд мах 47 хоног, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174 хоног, бүх төрлийн будаа 61 хоногийн нөөцтэй байна. Хуурай сүү 23 хоног, төмс 322 хоног, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43, өндөг 1 хоногийн нөөцтэй байна. Дотоодод халдвар илэрсний дараа БНХАУ-аас орж ирдэг хүлэмжийн ногооны импорт, манайх гаргадаг махны экспорт бүрэн зогссон. Үүнтэй холбоотойгоор ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг хилийн боомтуудын ажилтай танилцсан. Энэ сарын 17-ноос зөвхөн хүлэмжийн төрлийн ногооны импорт тогтворжсон. Өндөгний хувьд дотоодын аж ахуйн нэгжүүд өдөрт 520-550 мянган ширхгийг үнээ өсгөхгүйгээр нийлүүлж байгаа. Энэ нь манай хэрэглээг дийлэхгүй байгаа юм. Бид ОХУ-аас тийрээр буюу автомашинаар авдаг байсан бол Алтанбулагийн боомтын үйл ажиллагааг хязгаарласнаар вагоноор тээвэрлэдэг болсон. Өнөөдөр л гэхэд 4 вагон өндөг орж ирж байна. Хөл хорио тогтоосон ч хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллах тул хүнс хангамж тасалдахгүй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна