Нийслэлийн тусгаарлан ажиглах 17 байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан. Шадар сайдын тушаалаар, тусгаарлан ажиглах байранд мөрдөх журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахих, сахилга, дэг журам, аюулгүй байдалтай холбоотой сургалт хийдэг. Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж байна" хэмээв.
Энэ сард Франкфурт болон Японоос 4 удаагийн нислэгээр Монгол Улсын 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа.
ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан хүмүүсийг ХУД-ийн 300 ортой шинэ эмнэлэгт тусгаарласны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Тэднийг олны дунд оруулахгүйгээр гэрт нь хүргэхэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа юм.
"Төмөр замын байгууллага тусгаарлалтаас гарч байгаа иргэдээ өөрсдийн зардлаар орон нутагт хүргэж байна. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой комисс тусгаарлалтаас гарсан иргэдээ татан авч байгаа нь дэмжлэг болж байгаа"-г Б.Ууганбаяр онцоллоо.
Улаанбаатар хотод коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцсан 1804 иргэнийг тогтоон, ажиглан Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил цагдаагийн хамгаалалтад, тусгаарлан ажиглах цэг болоод байгаа. Энэ ажилд өдөрт дунджаар 3490 орчим төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.Шуурхай штабаас тусгаарлан ажиглах үйл ажиллагааны хяналтыг чангатгаж, тагнуулын байгууллага хөндлөнгийн хяналт хийж байна. Тусгаарлан ажиглах байрыг бүрэн камержуулах, камерын хяналтыг чангатгаад байгаа.
“Ингэснээр хаана, ямар хүн зөрчил гаргаж буй мэдээллийг цаг, мөчөөр авч байна. Халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн ажилтан, иргэнтэй холбогдож, хариуцлага тооцохыг сануулсан. Тусгаарлан ажиглах байрны сахилга, дэг журам чанга чангарсан, санамсагүй, хэнэггүйгээсээ зөрчилд холбогдвол ноцтой байдал үүснэ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой халдар хамгааллын дэгэмийг ягштал мөрдөхийг сануулж байна. Үүнд иргэний хариуцлага, дэг журам, сахилга, зохион байгуулалт чухлыг олон улс орон, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид сануулж байгаа. Ингэснээр цар тахлыг хохирол багатай давна” гэдгийг тэрбээр сануулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна