Эрчим хүчний хэрэглээний ачаалал 107 МВт-аар буурчээ

Админ
2020/12/24

Цахилгаан эрчим хүчний системийн хоногийн ачааллын талаар ЭХЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр өнгөрсөн хоногт хоногийн ачаалал 1202 МВт-д хүрчээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийн 1116 МВт-тай харьцуулахад 8 хувиар өсжээ. Цахилгаан эрчим хүчний оргил ачааллыг даахын тулд өнгөрсөн 24 цагт ОХУ-аас 155 МВт цахилгааныг импортоор авчээ. Энэ нь 3 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүгээр манай улсын эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурч байна гэж үзэж болох аж. Айл, өрх, албан байгууллага, ААН-үүдийн цахилгаан дулааныг хөнгөлж чөлөөлснөөр эрчим хүчний хэрэлгээ өсөж, хамгийн оргил ачаалал нь энэ сарын 15-нд 1303 МВт болсон. Үүнийг өчигдөр буюу 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар харьцуулан авч үзэхэд хэрэглээ буюу ачаалал 107 МВт-аар багасжээ. Импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээний зөрүү мөн 97 МВт-аар буурчээ. Ээлжит мэдээллийн үеэр ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргал манай улсын эрчим хүчний салбарын нийт суурилагдсан хүчин чадлын талаар танилцууллаа. Тэрээр нийслэлд 3 дулааны цахилгаан станц, Дархан, Эрдэнэт тус бүр нэг, говийн бүсэд 2 станц ажиллаж буйг мэдээллээ. Үүнээс нийслэл дэх ДЦС-2 нь 24 МВт-д суурилсан хүчин чадалтай бол ДЦС-3 186, мөн гол ачааллыг авдаг ДЦС-4 772 МВт-ын хүчин чадалтай аж. Нийтдээ нүүрсээр ажиллаж цахилгаан дулаанаа гаргадаг ДЦС-ууд нийт 1178.8 МВт-ын суурилсан хүчин чадалтай ажиллаж байна. Үүнээс гадна нийлбэр хүчин чадал нь 155 МВТт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц 3, 90 МВт-ын хүчин чадалтай нарны 6 цахилгаан станц ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт суурилагдсан эрчим хүчний 83 хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бүрдүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна