Их Британи улсад 600 мянга гаруй хүн коронавирусын эсрэг вакцин хийлгэжээ

Админ
2020/12/26

Их Британи улсад “COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ сарын эхээр эхлүүлснээс хойш “Pfizer-BioNTech” компанийн вакцины эхний тунг 600 мянга гаруй хүнд хийлээ гэж тус улсын Засгийн газар пүрэв гарагт мэдээлэв.

“Их Британид 12 дугаар сарын 8-20-нд 616933 хүнд вакцин хийсэн” гэж тус улсын Эрүүл мэндийн яам Засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан мэдээллийг иш татан уламжилсан байна.

Их Британи нь “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулалтаа эхлүүлсэн дэлхийн анхны орон болсон бөгөөд уг вакцинаас нийт 40 сая тунг захиалаад байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, Их Британи энэ оны эцэс гэхэд олон сая тун вакцин хүлээн авах ажээ.

Их Британид эхний ээлжинд асрамжийн газрын үйлчлүүлэгчид, 80 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудыг орон даяар 500 хэсэгт дархлаажуулж байгаа юм.

Мөн Их Британийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компани гарган авсан вакциныхаа талаарх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгснийг Мэтт Хэнкок лхагва гарагт мэдээлсэн байна.

“Бид “AstraZeneca”-гийн мэдээлэлд задлан шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд “аль болох ойрын хугацаанд” шийдвэр гаргахыг эрмэлзэж байна” гэж Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын дарга Жун Рейн “Reuters” агентлагт мэдээлжээ.

Их Британид сүүлийн үед коронавирусын шинэ хувилбар хурдацтай тархах болсонтой холбоотойгоор Англид хамгийн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна