Коронавирусын вакцинжуулалтын хурдаар Израил улс тэргүүлж байна
Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Израил улсын хүн амын арав гаруй хувь нь буюу нэг сая гаруй иргэн коронавирусын вакцин хийлгэсэн байна.
DPA агентлаг мэдээлснээр, Израил улс хүн амаа дархлаажуулах ажлыг маш хурдан хийж байгаа бөгөөд энэ сарын 1-ний баасан гарагт тус улсын нэг сая дахь иргэн вакцин хийлгэжээ. Вакцин хийлгэсэн нэг сая дахь иргэн нь арабуудын суурин болох Умм аль-Фахм тосгоны оршин суугч болсон байна. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн нар энэхүү үйл явдалтай холбогдуулан тус тосгонд очжээ.
Израилд коронавирусын эсрэг дархлаажуулах аян 2020 оны 12 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компанийн вакциныг ашиглаж байгаа юм.
Нетаньяхугийн мэдэгдсэнээр, Израилын Засгийн газар дархлаажуулалтын аяны үеэр дор хаяж 5.5 сая хүнд (9.3 сая орчим хүн амтай) вакцин хийх зорилт тавьжээ. Энэ зорилгод хүрснээр тус улсад коронавирусын цар тахлыг зогсоох боломжтой болно гэж тэрбээр үзэж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна