Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнө

Админ
2021/01/06

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны 2019 оны тавдугаар сард өргөн барьж тухайн жилийнхээ долоодугаар сарын 1-нээс өмнө батлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл ийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ удаад уг хуулийн төслийг удахгүй болох Цагаан сарын баяраас өмнө батлан хэрэгжүүлэхийг зорьж байгаа бололтой. Учир нь, Дорнод аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн асан Х.Болорчулуун гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд хурдан морьтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан юм. Үүнд уяачдын цол зэрэгтэй холбоотой зохицуулалт бий. Цагаан сарын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж уяачдад цол олгодог. Ингэхдээ Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсвэл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь зургаан удаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсвэл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгодог. Хуулийн зохицуулалат нь ийм. Жилд хамгийн багадаа 20 уяач улсын цол хүртэж байгаа нь шагнал хавтгайрч, улсын цолны үнэлэмж буурч байгаагийн илэрхийлэл 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тод манлай уяач цолыг хоёр, манлай уяач цолыг найм, алдарт уяач цолыг 16 хүн хүртсэн бол 2019 онд тод манлай уяач цолыг зургаа, манлай уяач, алдарт уяач цолыг тус бүр долоо хүн хүртсэн. Жилд хамгийн багадаа 20 уяачид улсын цол олгоно гэдэг шагнал хавтгайрч, улсын цолны үнэлэмж буурч байгаагийн илэрхийлэл. Тиймээс уяачдад цол олгох шалгуурыг өндөрсгөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг санаачлагч Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд “Үндэсний спортын төрлүүд дундаас улсын баяр наадамд амжилт үзүүлээгүй атал улсын цол хүртдэг буруу жишиг хурдан морины уралдааны төрөлд байсаар байна. Тиймээс уяачдад улсын цол олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх буюу улсын баяр наадам болон гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг шигшмэл хурдан морины “Их хурд” уралдаанд түрүүлсэн, эсвэл айрагдсан байх шаардлагыг нэмэх шаардлагатай. Уяачид ч энэ саналыг дэмжиж байгаа бөгөөд морь нь улсын баяр наадамд түрүүлж, айрагдаагүй атал улсын цол хүртдэг байдлыг яаралтай өөрчлөх нь зөв” гэжээ. Наадмаар найм, хаврын уралдаанаар 14-өөс доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоно Наадам болон хаврын морин уралдааны дараа бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэх үзэгдэл ихэсдэг. Мөн хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэгд тооцогддог. Гэвч эртний уламжлал, өв соёл, монгол ахуй зэргийг үндэслэл болгон хүүхдээр хурдан морь унуулсан хэвээр байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.1-т баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхдээр унуулах, ослын даатгалд даатгуулахаар хуульчилсан байдаг. Харин цаашид морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Улмаар нэг нас ахиулж наймаас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох заалт оруулсан байна. Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх аж. Наадмаар хурдан морины уралдааныг есөөс дээш машин дагахыг хориглоно Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд Хурдан морины уралдааны салбар хороо нь уралдаан дагах таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгодог. Гэвч тээврийн хэрэгслийн тоонд ямарваа нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Тиймээс “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл гардаг. Энэ нь ч бодитой. Тиймээс хууль санаачлагчид хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, наадмаар хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. Монгол, эрлийз хурдан морийг зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгана Үндэсний их баяр наадмын үндэсний спортын төрлүүд дундаас хамгийн их гомдол, маргаан дагуулдаг нь хурдан морины уралдаан. Монгол, эрлийз гадаад шинжээр нь ялган уралдаанаас хасч, олон уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хохироодог. Улсын баяр наадамд бүртгүүлсэн, уралдсан морьдын тоон мэдээллийг дурдвал, 2013 онд 1668 морь бүртгүүлснээс 1570, 2014 онд 1638 морь бүртгүүлснээс 1618, 2015 онд 1512 морь бүртгүүлснээс 1470, 2016 онд 1913 морь бүртгүүлснээс 1624, 2017 онд 1841 морь бүртгүүлснээс 1008 нь уралджээ. Ийнхүү жилээс жилд бүртгүүлсэн ч уралдах морины тоо хасагдаж байгаа нь монгол, эрлийз морьдыг ялгадаг болсонтой холбоотой. Ардын хувьсгалын 96 жилийн ой, 2017 оны Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны ажлын тайланд “...Үүлдэрлэг байдлыг тоггоох явцад биерхүү монгол адуу олноор хасагдаж байгаад уяачид шүүмжлэлтэй хандаж байлаа. Гарч байгаа санал шүүмжлэлийг ажиглахад дийлэнх олонх нь цаашид зөвхөн сэрвээний өндрөөр ялгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэжээ. Тиймээс улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хурдан морины сэрвээний өндрийн дээд хэмжээн дотор багтаж байхаар хуульчлахаар төсөлдөө тусгасан байна. Х.Болорчулуун гишүүн хуулийн төслөө өргөн барихаасаа өмнө уяачдын дунд хэлэлцүүлэг хийж, саналыг нь сонсож байсан юм. Тухайн үед уяачид ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.   Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнөТод манлай уяач Цуламсүрэн: Дүнжингарав уралдааныг хуульчлах хэрэгтэй -“Дүнжингаравын хурд гэдэг уралдаан байх ёстой юу, үгүй юу” гэж боддог юм. Хэрэв байх ёстой бол тэр нь хуультай байх учиртай. Энэ уралдаан бол хот тойрсон хэдэн уяач, уяачдын холбооны хэдэн тэргүүлэгчдийн саналаар болдог зүйл биш байх ёстой. Тиймээс ч долдугаар сарын 11, 12-нд төрийн наадам болдог шиг шинийн найман юм уу, 15-нд Дүнжингаравын хурдыг зохион байгуулдаг байж болно. Ингээд хуульчилчихвал энэ уралдааныг дагасан хэл ам, элдэв асуудал гарахгүй. Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнөТод манлай уяач Д.Ганбаатар: Би морин тойруулга байгуулахаар зорьж байгаа -Сэрвээний өндрийг тогтооход хүний оролцоо байдаг болохоор нэгнийх нь монголыг хасаад, нөгөөгийнх нь эрлийзийг явуулчихдаг асуудал бий. Ер нь генийн түвшинд шинжилдэг болох хүртэл сэрвээний өндрөөр нь ялгахаас өөр замгүй. Ингэхдээ сэрвээний өндрийг анхны мөрдөж байсан стандартаар явах нь зүйтэй болов уу. Тэгвэл нийт уяачдын эрх ашигт тодорхой хэмжээгээр нийцэх байх. Миний санаж байгаагаар хамгийн сүүлийн стандарт хоёр см-ээр нэмэгдсэн байна лээ. Энэ стандартын дагуу бол монгол адуу уралдах боломжгүй болчихож байгаа юм. Тодруулбал, их насны морь 141, азарга, соёолон 140 см гэвэл эрлийзүүдийн дийлэнх нь хасагдах байх. Мөн хуульдаа хариуцлагын асуудлыг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж хуульд заасан долоогоос доош насны хүүхдээр морь унуулбал цолтой нь ярьдаг, уралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг гэх зэрэг хариуцлагын асуудлыг сайн тусгаж өгөх нь зүйтэй. Миний хувьд морин тойруулга байгуулахаар зорьж байгаа. Та бүхэнтэйгээ хамтарч хийнэ. Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнөТод манлай уяач Б.Бат-Өлзий: 10 жилийн дараа цэвэр монгол цустай адуу уралдахаа болино -Эрлийз адуу одоо л уралдаж байгаа юм биш, 1950-иад оноос л уралдаж эхэлсэн юм шүү дээ. Хэрэв үүнийг хорих байсан юм бол яах гэж хилээр оруулж ирэхийг нь зөвшөөрсөн юм бэ. Одоо ч хилээр замбараагүй орж ирж байна. 10 жилийн дараа цэвэр монгол цустай адуугаар уралдахаа болино. Бодит байдал ийм л байна. Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнөЧ.Улаан: Өвлийн уралдаанд хүүхэд эрсдэж байна гэдэг нь үнэнд нийцэхгүй -Цаашид монгол морин уралдааны нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Морин уралдааны нэр хүнд айхтар унасан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр захын хүн морин уралдааныг баячуудын зугаа, аархал, цаашилбал хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, бөөн эрсдэл, үүнийг хорих хэрэгтэй гэж дуугарах гээд байгаа шүү. Бид тэдэнд ингэж ярих сэжүүр, дохио өгч болохгүй. Нөгөө талаар, өвлийн уралдаан гэж байхгүй. Уралдааны дүрэмд намрын дунд сарын шинийн 17-ноос хаврын эхэн сарын шинийн гурван хүртэл морь уралдахыг хорьсон. Өвлийн уралдаанд хүүхэд эрсдэж байна гэж яриад, асуугаад байгаа бол үнэнд нийцэхгүй. Харин хаврын уралдааныг тогтсон цаг хугацаанд нь тогтмол зохион байгуулдаг болох гэсэн асуудлыг нэгмөсөн шийдэж, тогтох хэрэгтэй. Манай морин уралдаан мэргэжлийн түвшинд хүрвэл сонирхогчийн, мэргэжлийн гэж ялгагдах ёстой. Бас эрлийз, монгол гэж ялгах учиртай. Тэгвэл монгол морио энэ стандартын хэмжээгээр нь авч явна гэсэн үг. Ер нь монгол морийг яваандаа пони морины чиглэл рүү оруулах гээд байгаа. Стандарт хэмжээг нь доош нь дараад монгол морио зориуд пони чиглэл рүү хөтлөх урсгалыг дэмжмээргүй байна. Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнөТод манлай уяач Д.Хишигжаргал: Гишүүд тойрогтоо таалагдах гээд морины хөгжлийг хойш нь татаж байна -Пони морь, монгол морь гэж улс төр хийхээ л больчих. Шулуухан хэлэхэд, гишүүд сонгогдсон аймгийнхаа ард түмэнд таалагдах гэж улс төр хийгээд байгаа болохоор л морины хөгжлийг хойш нь татаад байгаа юм шүү дээ. Тодруулбал, хэдэн гишүүн тойрогтоо таалагдахын тулд бид “Монгол морины тухай хууль, дүрэм батална” гэж ярьж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Уяачдад улсын цол олгох босгыг өндөрсгөнө“Аравгар хээр” МСУХ-ны тэргүүн Ю.Үнэнбүрэн: Хурдан морь унах хүүхэд жилээс жилд ховордож байна -Бид эрлийз, монголоо яаж уралдуулах вэ гэж хэрэлдэхийн хажуугаар хурдан морь унадаг хүүхдийн тухай асуудал, морь уядаг хүмүүсээ уяачдын холбооноос хэрхэн дэмжих, төрөөс яаж дэмжлэг үзүүлэх зэргийг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол морь унах хүүхэд жилээс жилд ховордож байгааг бүгд мэдэж байгаа. Энэ асуудлыг төр бодлогоор дэмжихгүй бол 10-15 жилийн дараа морь унах хүүхэдгүй болно шүү. Бид ингэж хэрэлдэж суух ч шаардлагагүй болох байх. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс бүгд найзууд. Нэг хэсэг нь эрлийзтэй, нэг хэсэг нь монголтой. Тэгэхдээ бид Монголын соёлыг авч яваа тэр олон мянган уяачийн ганцхан хувь нь. Би л гэхэд Өвөрхангай аймгийн хүн. Өвөрхангайн МСУХ 3000 гишүүнтэй. 3000 гишүүнээс санал авахад 15 хүн л сэрвээний өндрөөр уралдъя, бусад нь монгол морьдтой гэлээ. Үнэн хэрэг дээрээ байдал ийм л байна. Учир нь, эрлийзийг хэдэн саяар нь авч үржүүлээд, ахиад эрлийзтэй уралдах хэмжээний адуу авчраад уралдуулах нөхцөл, бололцоо тэдэнд байхгүй. Бас дандаа ялагдана гэдэг хэцүү шүү дээ. Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна