Бид орон гэргүй, танил хүмүүсийндээ хоног төөрүүлж нэг үгээр золбин болчихоод явж байна.

Админ
2021/01/06

Yazguur.mn Бүгд Найрамдах Солонгос улсад гацсан иргэдтэй холбогдож цаг үеийн талаар тодруулга авлаа.   Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс хэдэн зүйл тодруулах гэсэн юм. БНСУ-д нутаг буцах хүсэлтэй иргэд жагсаал хийж тэмцэж байгаа талаар цахим орчинд мэдээлэл гарсан энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч. Бид 11,12-р сарын нислэгээр эх орондоо буцах гээд бүх тасалбар болон тусгаарлалтын төлбөрөө төлөөд УОК-ын шийдвэрээс хамаарч БНСУ-д гацчихсан байна. Нутаг буцах, эсвэл төлсөн нислэг болон тусгаарлалтын төлбөрөө авч чадахгүй өнөөдрийг хүрээд аргаа бараад л жагсаал тэмцэл хийж байгаа юм. Бидний жагсаал хийж байгаа гол зорилго бол мэдээж УОК-ын удирдлагууд гадаадад гацсан иргэдээ анхааралдаа авч, арга хэмжээ аваасай л гэсэн хүсэл зорилготой юм.   Одоогийн байдлаар нийт хэчнээн хүн байгаа вэ? 11,12-р сарын нислэгээр нутаг буцах ёстой байсан 1000 гаруй иргэн байна.   Та бүхэн нутаг буцах, тусгаарлалтад байх төлбөрөө өгчихөөд эргүүлж аваагүй гэсэн үг үү?
Бид нарын хувьд төлсөн төлбөрөөсөө нэг ч төгрөг эргүүлж аваагүй. Тиймдээ ч одоо бид орон гэргүй, ах дүү, танил хүмүүсийндээ хоног төөрүүлж нэг үгээр хэлэх юм бол золбин л болчихоод байж байна.
  Та бүхэн дунд янз бүрийн хууч өвчтэй, эсвэл бие давхар, нярай хүүхэдтэй гэх мэт хүмүүс бий юу? Бид нар дунд янз бүрийн байдалтай хүмүүс байна. Тухайлбал үйлдвэрийн осолд орсон хүн, санхүүгийн байдлаас болж эмчилгээ нь тасалдсан хүн, жирэмсэн хүн, 2 настай нярай хүүхэдтэй ч хүмүүс байна.   БНСУ дах Монгол улсын элчин сайдын яамны гадаа жагсаж, тэмцэж байгаа гэж ойлгоод байна. Та бүхэнд элчин сайдын яамны зүгээс хариу ирүүлсэн үү? Элчин сайдны яамны зүгээс бидэнд хоол унд, байрлах газруудаас туслалцаа үзүүлэх санхүүгийн боломжгүй гэдийг элчин сайдын зөвлөх Хүрэлбаатар, Түшиг гэх хүмүүстэй уулзсан. Ер нь бид нар одоогийн байдлаар жагсаал маягаар хийж байна. Хэрэв УОК-оос хариу ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр лүү шилжинэ гэсэн бодолтой байна. Биднийг нэг БНСУ-д амьдарч байгаад одоо гэртээ хария гээд байгаа хүмүүс биш ээ. Бидэн дунд гэрээ нь дууссан ажилчид, виз нь дууссан оюутнууд, 2019 оны сүүлээр ирээд эмчилгээнд ороод буцаж чадахгүй хүмүүс байгаа. Биднийг цахим орчинд гэнэт л гэртээ харимаар байна гэж гараад ирсэн гээд иргэд ташаа ойлгоод байх шиг байна. Элчин сайдын яамны зүгээс та бүхний хийсэн лайв мэдээг устгуулах зүйлсийг дурьдаад байсан. Элчин сайдын яамны үүдний залуу мэдээлэл өгөх боломжгүй ажилтан байсан учраас бид лайваа устгасан. Тухайн элчингийн ажилчны залуугын нүүр царай гарсан учраас бид устгасан. Төрийн нэрний өмнөөс ажиллаж байгаа учраас устгаад өгөөч ээ гэсэн. Зарим хүмүүс биднийг шантаажлаад байгаа гэж ойлгоод байх шиг байна. Тийм юм огт байхгүй. Бидний зүгээс за бас хувь хүний нэр хүнд явж байгаа учраас нэг талаараа хүний эрх зөрчлөө гэж үзээд л тухайн хүний хүсэлтээр устгасан байгаа. Нэгэнт Монгол Улсад ч гэсэн ковидын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учраас та бүхнийг татаж авахад хүндрэлтэй байгааа нь тодорхой. Энэ тал дээр та бүхний хувьд ямар бодолтой байна вэ? Бид нислэгийн цагийг тодорхой болгож, энд гацсан иргэдээ нэг мэдээллээр хангахыг л хүсэж байна. Монголд нөхцөл байдал хүндэрснийг бид маш сайн мэдэж байгаа. Бидний гэр бүл үр хүүхдүүд бүгдээрээ Монгол улсад байгаа. Бидний хэн ч вирус тээгээд очихыг хүсэхгүй. Бид жагсаал цуглаанаа 100 хувь халдвар дэглэмийн дүрмээ барьж хийж байна гэж худлаа ярихгүй ээ. Бид хувь хүний ариун цэврээ л маш өндөр сахиж байгаа. Өргөдөл гомдол бичихдээ бид хүн тус бүр гар ариутгагчаар ариутгаж бичиж хүмүүстэй харилцаж байна. Франкфурт, Токиогийн нислэгийн хүмүүс тусгаарлах байрнаас гарчихсан учраас биднийг авчихад юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна.   Эцэст нь Монгол Улсад буруу зөрүү ойлголттой байгаа иргэддээ та бүхэн юу гэж хэлмээр байна вэ? Хэрэв биднийг авахгүй, ямар нэг шийдвэр гаргахгүй, хариу ирүүлэхгүй байгаа бол бид цаашид чадлынхаа хэрээр арга хэмжээ авч ажиллана. БНСУ-ын болон Монгол Улсын хүний эрхийн байгууллагад хандана. Хэрэв амжилтгүй болсоор байх юм бол бид бүгдээрээ өлсгөлөн зарлахгүйгээр ч 5, 10 хүнээрээ ээлжилж хуурай болон нойтон өлсгөлөн зарлахаар төлөвлөсөн. Нэмж хэлэхэд жагсаад байгаа 100 хүн хувиа хичээгээд байгаа зүйл биш. Цаана нь 4000 орчим хүний хүсэлт гэдгийг иргэд болон Монголчууд минь маш сайн ойлгоосой. Бидний виз дууссан, осолд орсон гэх мэт янз бүрийн хүмүүс бий шүү.   Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг л юм энд болж байна. Биднийг эх орон маань хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна