Нийтээрээ хатуу хөл хорионд орсон өдрүүд өнөөдрөөр дуусгавар болж байна. Үүнтэй зэрэг энэ долоо хоногийн гэрэл гэгээтэй мэдээллүүдийг хуваалцъя.
НЭГ. МУГТ М.УРАНЦЭЦЭГ ГИННЕСИЙН НОМОНД БҮРТГЭГДЛЭЭ

Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртснээр тус номд нэрээ үлдээж буй анхны монгол тамирчин боллоо.
ХОЁР. СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ХАЛДВАРЫН ГОЛОМТ ХУМИГДЛАА

Тус аймагт батлагдсан 213 тохиолдлын 193 нь эдгэрч хяналтаас гарсан бөгөөд мэргэжлийн хүмүүс халдварын голомт хумигдсан хэмээн зарлав.
ГУРАВ. ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НЭЭХ ШИЙДВЭР ГАРГАВ

Өнгөрч буй энэ долоо хоногт цаг агаар огцом хүйтэрч агаар салхинд гарах боломж тэр бүр олдоогүй. Харин ирэх долоо хоног тэр чигтээ харьцангуй дулаан байх агаад иргэдийг салхилах боломжоор хангаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нээхээр болоод байна. Бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор тодорхой маршрут нээх юм байна.
ДӨРӨВ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ 95% ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

IV цахилгаан станцын машинуудад өргөтгөл хийж, төслийн туршилт явуулснаар 89 МВт-ын нэмэгдэл хүчин чадлыг сүлжээнд нийлүүлж байгаа аж. Өмнө нь эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ 84-86 хувиар хангаж, үлдсэнийг нь ОХУ-аас импортоор авдаг байсан бол өргөтгөл хийснээр энэ тоо 95%-д хүрч нэмэгдээд байна. Цаашид ч энэ хэвээр ажиллах боломж бүрдсэн тухай албаныхан мэдээллээ.
ТАВ. ОЛОН УЛСЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧ ТӨРЛӨӨ

Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, FIFA зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч боллоо. ub.life
Сэтгэгдэл бичигдээгүй байна