Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатууд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хүмүүс үү

Админ
2021/01/19

Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад суугаа дипломатууд болон тэдгээрт ажиллагсад хар тамхи болон бусад гэмт хэрэгт цөөнгүй холбогдсон. Хамгийн сүүлд Болгар, Унгар, Латви, ОХУ, Герман, Франц гээд олон улсад суух дипломатууд хар тамхи зөөсөн тохиолдол гарсан. Тэгвэл тэдгээр хүмүүс Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хүмүүс үү гэдэг асуудал анхаарал татаж эхэллээ. Учир нь одоогийн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрийнх нь үед дипломатууд гэмт хэрэгт холбогдохгүй гэдгийг амласан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Танай яам хар тамхины сүлжээгээр "мэргэшсэн" яам боллоо. Энэ асуудал юу болов" хэмээн асуусан. Харин Н.Энхтайван сайд "Хар тамхины хэргүүд ГХЯ-ыг олон нийтэд муухай харагдуулсан нь үнэн. Энэ хэргүүд намайг сайдаар ажиллахаас өмнө гарсан. Намайг ажиллах хугацаанд дахин ийм хэрэг гарахгүй гэдгийг би амлаж байна” гэх хариултыг өгсөн. Түүгээр ч зогсохгүй түүний хариултаас харахад Элчин сайдын яамдын ажилтнуудын цалин хөлсийг ч нэмэгдүүлж магадгүй нь гэх хардлага төрж буй юм. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон Элчин сайдын яамны ажилтан "Цалин хөлс хүрэлцдэггүй учраас бүгдээрээ шахам тамхи зөөдөг. Мөнгөө нийлүүлж нэгэндээ өгөөд хүлээдэг" гэх агуулгатай ярилцлага өгч байсан ч удаатай. Тэгэхээр Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын үед газар авсан хар тамхи зөөвөрлөсөн хүмүүс хэний “хамсаатнууд” вэ гэдэг асуудал гарах нь тодорхой. Нэг үе янжуур зөөдөг гэгддэг байсан дипломатуудтай хариуцлага тооцохгүй явсны эцэст хар тамхи зөөвөрлөдөг болсон гэхэд хол зөрөхгүй. Д.Цогтбаатарыг сайд байхад 2019 оны 12 дугаар сард Турк улсын Ерөнхий прокурор түүнд захидал илгээсэн байдаг. Захидалд Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авахыг хүссэн тухай байсан. Товчхондоо Туркийн тал хар тамхины бүлэглэлийн гишүүдийг баривчлан гар утсыг нь шалгахад Монголын дипломатчидтай тогтоосон харилцаа ил болсон гэдэг. Манай Ерөнхий консулын газрынхан хар тамхины наймааны бүлгийн гишүүд байсан гэсэн үг.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна